С.Ёшихидэ АНУ-д хүрэлцэн очжээ
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийхээр тус улсад хүрэлцэн очлоо.
Ерөнхий сайдын суусан нисэх онгоц Вашингтон хотын зах дахь агаарын цэргийн баазад орон нутгийн цагаар пүрэв гаргийн орой газарджээ.
С.Ёшихидэ, Ж.Байден нар Цагаан ордонд өнөөдөр уулзана. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш анх удаа гадаадын орны удирдагчтай биечлэн уулзах гэж буй нь энэ юм.
Талууд хоёр орны эвслийг бэхжүүлэх хийгээд үндэсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, коронавирусний цар тахал, дижитал технологи зэрэг олон салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Мөн чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахаа дахин нотолж, Тайванийн хоолойн энх тайван, хөгжил цэцэглэлтийн ач холбогдлын талаар хэлэлцэж магадгүй байна.
Хоёр орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Хятадыг чиглэсэн ямар байр суурь баримтлах нь олны анхаарлын төвд байна. С.Ёшихидэгийн хувьд дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч тус оронд илүү дорвитой арга хэмжээ авахыг Ж.Байдентай хамт уриалах хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлжээ.
Японы Засгийн газрын төлөөлөгчид мөн С.Ёшихидэг Вашингтонд байх хугацаанд “Pfizer” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Альберт Бурлатай утсаар хэлэлцээ хийх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тус компаниас Японд коронавирусний вакциныг саадгүй нийлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.