Хонконгийн ардчиллыг дэмжигч Жимми Лайд нэг жилийн хорих ял оноожээ.
Хонконгийн ардчиллыг дэмжигч, хэвлэлийн магнат Жимми Лай зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, шүүх түүнд нэг жилийн хорих ял оноожээ.
Жимми Лай нь 2019 онд ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан хэмээн буруугагдсан хэд хэдэн идэвхтний нэг юм. “Apple Daily” сонины эзэн, өдгөө 73 настай Жимми Лай нь Хятадын эрх баригчдыг хатуу шүүмжилдэг нэгэн юм.
Баасан гарагт болсон шүүх хуралд 2019 оны 8 дугаар сарын 18-нд болсон жагсаал цуглаанд оролцсон хэргээр 9 идэвхтэнд хорих ял оноожээ. Үүнээс гадна өөр 3 хүн 8 дугаар сарын 31-нд болсон эсэргүүцлийн ажиллагаатай холбоотойгоор ял авсан байна.
Өмнө нь “Apple Daily” сонин Жимми Лайн цагдан хоригдох үеэрээ явуулсан гараар бичсэн захидлыг нийтэлжээ. “Шударга ёсыг эрэлхийлэх нь сэтгүүлчид бидний үүрэг юм. Бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй л бол бид хүлээсэн үүргээ биелүүлсээр байх болно гэж” хэмээн захидалд дурджээ.
Хонконгийн давж заалдах шатны шүүх өмнө нь хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзаж, дөрөвдүгээр сарын дундуур болох шүүх хурал хүртэл цагдан хорихоор болсон юм.
Сөрөг хүчний зүтгэлтнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд луйврын хэрэгт холбогдуулан баривчилж, 12 дугаар сарын 11-нд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан гэж буруутгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.