Индонезийн "КэйАрАй Нанггала-402" загварын шумбагч хөлөг онгоцыг хайсаар байна.

Индонезийн "КэйАрАй Нанггала-402" загварын шумбагч хөлөг онгоцыг хайсаар байна.

Индонезийн Бали арлын хойд бүсэд сургуулилалт хийж яваад сураггүй болсон тэнгисийн хүчний шумбагч хөлөг онгоцыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Шумбагч хөлөгт хөлгийн багийн командлагч, багийн гишүүн гээд нийт 53 хүн явсан байна.

Индонезийн тэнгисийн хүчний "КэйАрАй Нанггала-402" загварын шумбагч хөлөг уржигдар өглөө Бали арлаас 100 км-ийн зайд сургуулилалт хийж яваад, хөлгийн командлагч далайн хамгийн гүн хэсэгт шумбах зөвшөөрөл авсны дараа холбоо тасарчээ. Индонезийн зэвсэгт хүчний мэдээллээр уг шумбагч хөлөг 34 хүний багтаамжтай юм байна.

Уг шумбагчийг өчигдөр хийх байсан пуужингийн сургуулилалтад бэлтгэж байжээ. Одоогоор Индонезийн тэнгисийн хүчин болон онцгой байдлын алба шумбагчийг эрэн хайх ажилд таван шумбагч онгоц болон усны түвшин хэмжигч эрлийн онгоц зэрэг бусад хөлөг онгоцууд, олон тооны нисдэг тэргүүдийг дайчилж, эрлийг үргэлжлүүлж байна.

Тус улсын Засгийн газар Сингапур, Австрали, Энэтхэг зэрэг улсаас эрлийн ажилд хүч нэмэгдүүлэх тусламж хүссэний дагуу Австрали зэрэг улсууд шумбагч хөлөг бүхий аврах ажиллагааны багаа илгээж буй юм байна. Эрлийн явцад шумбагч хөлөг хамгийн сүүлд холбоо барьсан бүсэд буюу Бали арлын хойд хэсэгт далайн гадаргуу дээр тос хөвж байгаа ул мөр илэрсэн байна.

Эрлийг тос илэрсэн бүсэд төвлөрч явуулж байгааг Индонезийн тэнгисийн хүчнээс мэдээлжээ. Индонезийн тэнгисийн хүчин 1970-аад оны сүүлчээр Германд үйлдвэрлэгдсэн уг шумбагчийг Өмнөд Солонгост хоёр жил засварлаж, 2012 оноос дахин ашиглаж эхэлсэн юм байна. Энэ нь Индонезийн тэнгисийн хүчний шумбагч сураггүй алга болсон анхны тохиолдол юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.