Япон улсад зорчих төлөвлөгөөг урьдчилан мэдүүлж байж хил нэвтрүүлнэ.
“Токио-2020” олимп, паралимпын наадам цар тахлын үед зохион байгуулагдах дэлхий нийтийг хамрах хамгийн том үйл явдал энэхүү онцгой нөхцөлд, өмнөх олимпын наадмуудаас огт өөр зохион байгуулалттай болно.
Үүнтэй холбоотой Зохион байгуулах хорооноос “Токио-2020 олимпын наадамд оролцох” журмыг гаргаж, өнгөрсөн сард дахин шинэчилсэн талаар Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос мэдээлж байна.
Энэхүү журамд “Токио-2020” олимпын наадамд оролцогч хүн бүр ДЭМБ-аас зөвлөж буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг олимпын наадмын туршид баримтлахаас гадна Япон улсад зорчих үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зохион байгуулах хороонд мэдүүлж, зөвшөөрөл авахаар болжээ.
Ингэхдээ спортын төрөл тус бүр дээр “Ковид-19” хариуцсан ажилтныг томилж, багийн гишүүн тус бүрийн Япон улсад зорчихоос өмнөх 14 хоног болон Япон улсад байх хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран гаргаж “Токио-2020” наадам зохион байгуулах хороонд урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл авах юм байна.
Онцгой анхаарах зүйл нь хүн тус бүрийн төлөвлөгөөг олимп эхлэхээс 4 долоо /28/ хоногийн өмнө мэдүүлж, зөвшөөрөл авах ёстой. Хэрэв төлөвлөгөөгөө мэдүүлээгүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулжээ.
Үйл ажиллагааны төлөвлөгөөнд байрлах газрын нэр /Олимпын тосгон, зочид буудал г.м/, зорчих газруудын жагсаалт /зорчихыг зөвшөөрсөн газруудын жагсаалтыг үзэх/, нийтийн тээвэр /онгоц, хурдны галт тэрэг г.м/ ашиглах бол зорчих өдөр, цаг, шалтгаан зэрэг шаардлагатай бүх мэдээллийг оруулна.
Төлөвлөгөөг Япон улс руу нэвтрэхээс 28 хоногийн өмнө ICON системээр илгээх ёстой. Нэгэнт зөвшөөрсөн төлөвлөгөөг дахин шинэчлэх боломжгүй юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.