Турк хатуу хөл хориогоо сулруулна,
Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас Турк улсад тогтоосон хорио цээрийн хатуу дэглэм дуусаж байна. Тавдугаар сарын 17-ны даваа гаргаас эхлэн хязгаарлалтуудыг аажмаар цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Тус яамнаас мэдээлснээр, даваа гаргаас эхлэн амралтын өдрүүд болон ажлын өдрүүдэд хөл хорих цаг 21:00-05:00 цагийн хооронд үйлчилнэ. Түүнчлэн худалдааны төвүүд хэсэгчлэн нээгдэх бөгөөд хот хооронд зорчихыг зөвшөөрөх боловч хөл хорих цагийн үеэр зорчихыг хоригложээ. Харин нийтийн хоолны газрууд хүргэлтээр үйлчилгээ үзүүлсэн хэвээр байх аж.
Хязгаарлалтыг сулруулах дараагийн үе шатыг зургадугаар сарын 1-нд товлосон байна. Түүнчлэн тавдугаар сарын 17-нд Анкарад болох Туркийн сайд нарын танхимын хуралд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцох бөгөөд хурлын дараа “COVID-19”-ийн тархалттай тэмцэх цаашдын алхмуудыг зарлах төлөвтэй байна. Хатуу хөл хорио тогтоосны ачаар өдөрт илрэх халдварын тохиолдлыг 5.5 дахин бууруулж чадсан гэж Туркийн Эрүүл мэндийн яам онцолжээ.
Туркийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, ням гарагт тус улсад 10 512 шинэ тохиолдол илэрсэн байна. Туркт цар тахал дэгдсэнээс хойших хамгийн олон тохиолдол дөрөвдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр 63 082 шинэ тохиолдол илэрсэн юм. Одоогийн байдлаар 82 сая хүн амтай тус улсад коронавирусний халдварын нийт тохиолдол 5.12 саяд хүрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.