ДЭМБ хот дотор хурдны дээд хязгаарыг 30 км/цаг болгохыг уриалжээ
НҮБ Дэлхийн зам тээврийн аюулгүй байдлын долоо хоногийг даваа гаргаас эхлүүлсэнтэй холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хот суурин дотор хурдны дээд хязгаарыг 30 км/цаг болгохыг уриалжээ. Энэ нь АНУ тэргүүтэй орнуудын хувьд 20 миль/цаг гэсэн үг юм.
“Замын хөдөлгөөний осол нь хүүхэд, залуучуудын нас баралтын голлох шалтгаануудын нэг болж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн “Streets for Life” кампанит ажлын талаар ярих үеэрээ хэлжээ. Энэхүү кампанит ажил нь нийгмийн сүлжээнд “Love30” хэштегийг ашиглаж байгаа ажээ.
НҮБ-ын төлөөлөгчид хурдын дээд хязгаарыг бууруулснаар хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүд холилдон зорчдог хот суурингуудад явган хүмүүс, унадаг дугуйчдын амь насыг хамгаална гэж үзэж байна. “COVID-19”-өөс ангижрахтай зэрэгцэн илүү аюулгүй дэлхийн төлөө аюулгүй замын хөдөлгөөнийг цогцлооё” гэж Т.Гебрейесус мэдэгджээ.
Цар тахал хурд хэтрүүлэхэд нөлөөлж байна
ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн хэмжээнд 24 секунд тутамд нэг хүн зам тээврийн ослын улмаас амиа алддаг бөгөөд тэдний гуравны нэг орчмынх нь нас барсан шалтгаан хурд хэтрүүлсэнтэй холбоотой байдаг байна. Тус байгууллагын үзэж буйгаар, хурдны хязгаарыг багасгасан км тутамд ослын улмаас амиа алдах эрсдэл 4-5 хувиар буурах ажээ.
Дэлхий даяар коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсон тул өнгөрсөн оны эхэн үеэс зам тээврийн ослын тоо буурчээ. Гэсэн хэдий ч ослын улмаас амиа алдагсдын тоо тэр хэмжээгээр буураагүй байна. Учир нь жолооч нар хоосон зам дээр хурд хэтрүүлэх нь ихэссэн тул илүү ноцтой ослууд гарах болсон гэж ДЭМБ мэдээлжээ.
Өдөр бүр олон мянган хүүхэд гэмтэж бэртэж байна
Хүүхдийн эрүүл мэндийн төлөөх санаачилгын элч Золека Манделагийн мэдээлснээр, өдөр бүр 3000 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдах юм уу гэмтэж бэртдэг байна. Хүний буруутай үйлдлээс үүдэлтэй эдгээр ослоос бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Өмнөд Африкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Нельсон Мандела агсны ач охин З.Мандела нь 13 настай охиноо зам тээврийн осолд алдсан бөгөөд тэрбээр, “Манай гэр бүлийнхэнд энэ явдал нөхөж болшгүй их гарз хохирол учруулсан” хэмээн ярьсан байна.
Хүчин чармайлт гаргахыг дэлхий дахинд уриалж байна
З.Мандела хурдны хязгаартай холбоотой үүрэг амлалтыг Брюсссель тэргүүтэй хотууд, Испани тэргүүтэй улс орнууд өгснийг эш татаад, дэлхийн өнцөг булан бүр дэх суурин дүүрэг бүрд энэ талаар тунгаан бодохыг хүсжээ.
Энэхүү санаачилгыг дэмжигчид ирэх онд дэлхийн удирдагчид зам тээврийн аюулгүй байдлын талаар хэлэлцэх НҮБ-ын өндөр түвшний хуралдаанаас өмнө бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргэнэ хэмээн найдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.