Израил ХАМАС-ын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж, Баруун эрэгт мөргөлдөөн дэгдэв.

Израил ХАМАС-ын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж, Баруун эрэгт мөргөлдөөн дэгдэв.

 Палестин-Израилын мөргөлдөөн ес дэх өдрөө үргэлжилж, талууд харилцан агаарын цохилт өгсөөр байна. Үүний зэрэгцээ палестинчууд оршин суудаг газар нутгуудад тэр дундаа Иордан голын Баруун эрэг, Зүүн Иерусалимд ширүүн мөргөлдөөн дагалдсан ажил хаялт эхэлжээ. Олон улсын хамтын нийгэмлэг гал зогсоохыг уриалж байгаа хэдий ч сөргөлдөөн намжаагүй байна.

Хуучин хотын Дамаскийн хаалга, Иерусалим зэрэг арабууд амьдардаг хэд хэдэн газарт эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид Израилын цагдаа нартай мөргөлджээ.

Олон улсын хамтын нийгэмлэг эзлэгдсэн гэж үздэг Баруун эрэгт болсон мөргөлдөөний үеэр гурван палестин амиа алдаж, 72 хүн шархадсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүс бууны шарх авсны улмаас нас барсан бол шархадсан хүмүүсийн тавынх нь биеийн байдал хүн байгаа аж.

Израилын командлал амь үрэгдэгсдийн талаар одоогоор тайлбар өгөөгүй байгаа ч үүний өмнөх мэдэгдэлдээ Рамаллахын ойролцоо Израилын цэргүүд рүү буудсаны дараа цэргүүд гал нээсэн гэжээ. “Хоёр цэрэг хөлөндөө шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газар нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад хэр хугацаа шаардагдана тэр хүртэл Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дахин мэдэгджээ.

Газын зурвастай залгаа хил дээр юу болов?

Мягмар гарагт хэсэг хугацаанд завсарласны дараа Израил Газын зурвасыг дахин бөмбөгдөж, Палестины босогчид Израилын нутаг дэвсгэр лүү пуужингийн довтолгоогоо үргэлжлүүлжээ.

Израил мөн тус улсын өмнөд хэсэг рүү пуужин харваж, миномётоор буудсаны дараа Газын зурвастай залгаа хилийн томоохон боомтыг хаажээ. Энэ үеэр Таиландын хоёр ажилчин амиа алдаж, 10 хүн шархадсан байна.

Газын зурваст мөргөлдөөн ширүүссэн есөн өдрийн дотор наад зах нь 212 хүн амиа алдсан бөгөөд тэдний 100 орчим нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна гэж ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдээлэв. Харин Израилын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад 12 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байна.

Израилын эрх баригчид ХАМАС болон “Исламын Жихад” бүлэглэлийн зэвсэгт отрядын цэргийн чадавхыг устгахын тулд ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ АНУ болон дэлхийн бусад гүрэн харилцан гал нээхээ зогсоохыг уриалсаар байна.

Мягмар гаргийн өглөө Израил Газын зурваст үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг оруулахын тулд Египеттэй залгаа хилийн томоохон боомтыг нээжээ. НҮБ энэхүү шийдвэрийг сайшаасан боловч хүмүүнлэгийн ажилтнууд болон ачааг Палестины нутаг дэвсгэрт нэвтрэх боломж олгож, Эрезийн гол шалган нэвтрүүлэх цэгийг нээхийг уриалсан байна.

Гэсэн хэдий ч хүмүүнлэгийн тусламжийн цуваа Газын зурвас руу нэвтрэх үед ХАМАС бүлэглэлийнхэн миномётоор гал нээсний улмаас хилээс 14 км-ын зайд орших Израилын фермд ажиллаж байсан Таиландын хоёр иргэн амиа алдаж, Израил дахин хилээ хаажээ. Түүнчлэн Израилын өмнөд хэсэгт орших сав баглаа боодлын үйлдвэрт ажилладаг таиланд ажилчид шархадсан байна. 

 

Харин шатахуун, хоол хүнс, эм тариа ачсан ачааны машины цуваа Израилын хяналтад байдаггүй Египет, Газын зурвасын хил дээрх Рафах шалган нэвтрүүлэх боомтоор дамжин Палестины нутаг дэвсгэр лүү саадгүй нэвтэрчээ.

 

Харилцан өгсөн цохилт

Израилын нисэх онгоцууд Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн объектууд руу үргэлжлүүлэн цохилт өгч, тус бүлэглэлийн штаб, оффисууд байрлаж байсан хоёр барилгыг устгасан гэж Израилын Батлан ​​хамгаалах хүчин мэдээлжээ.

ХАМАС болон “Исламын Жихад” бүлэглэл ч мөн Израилын нутаг дэвсгэр лүү пуужингийн цохилтоо үргэлжлүүлэн өгсөн байна. Газын зурвасын ойролцоох хотуудын оршин суугчид бөмбөгдөлтөөс хоргодох байранд олон цагаар суужээ.

Газын зурвасаас пуужин харвасны улмаас тус зурвастай залгаа хотуудад Израилын хоёр иргэн амиа алдаж, долоон хүн шархадсан гэж Kan радио мэдээлсэн байна.

Израилын агаарын цохилтын улмаас Газын зурвас дахь 450 орчим барилга сүйдэж, Палестины 50 мянга гаруй иргэн орон гэргүй болсон гэж НҮБ мэдээлэв.

Израил орон сууцны барилгуудад агаараас цохилт өгч буй нь дайны гэмт хэрэг гэж Хүний эрхийн “Amnesty International” байгууллага мэдэгджээ.

Харин Израилын эрх баригчид цэргүүдийнх нь зорилго бол ХАМАС бүлэглэлийн босогчид, дэд бүтэц бөгөөд энгийн иргэдийн хохирлыг аль болох багасгахын тулд бүх хүч чармайлтаа гаргаж байна гэж мэдэгдсэн байна. 

Израилын цэргийн командлалын мэдээлснээр, Газын зурваст амиа алдсан хүмүүсийн 150 нь ХАМАС бүлэглэлийн гишүүд аж.

Палестины 47 мянган иргэн Газын зурваст байрлах НҮБ-ын 58 сургуульд хоргодож байна. Зай муутай давчуу байгаагийн улмаас тэнд коронавирусний халдвар дэгдэж болзошгүй гэж ДЭМБ болгоомжилж байна.

Палестин-Израилын энэ удаагийн мөргөлдөөн 2014 оноос хойших хамгийн ширүүн нь болж байна.  

Израилын армийн мэдэгдсэнээр, мөргөлдөөн эхэлсэн эхний долоо хоногт тус улс 820 өөр объект руу хэд хэдэн удаа довтолсон байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал Газын зурвасын 180 объект Израилын цохилтод өртжээ.

Харин Израилын нутаг дэвсгэр лүү 3150 гаруй пуужин харвасан бол 2019 онд 2045 пуужин харваж байжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хэд хэдэн удаа яаралтай хуралдсан боловч одоогоор ямар нэгэн шийд гараагүй байгаа бөгөөд гал зогсоохыг л уриалсаар байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.