Саудын Арабад вакцин хийлгээгүй хүмүүсийг төрийн байгууллагуудад оруулахгүй.
Наймдугаар сарын 1-нээс эхлэн коронавирусний вакцины гэрчилгээгүй хүмүүс төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх, мөн эдийн засаг, нийгэм, соёлын болон бусад олон арга хэмжээнд оролцох боломжгүй болно гэж Саудын Арабын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
"Иргэд наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон хувийн аль ч байгууллагад нэвтрэх, эсвэл соёл, шинжлэх ухаан, нийгэм, зугаа цэнгэлийн арга хэмжээнд оролцохын тулд заавал вакцин хийлгэсэн байх ёстой" гэж мэдэгдэлд дурджээ. Ийм шийдвэрийг коронавирустэй тэмцэх зорилгоор, эрх бүхий байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн гаргасан байна.
Үүнээс гадна, Саудын Арабын боловсролын бүх байгууллага дараагийн хичээлийн улирлаас эхлэн халдвар хамгааллын дэглэмийг сахин танхимын сургалтаа эхлүүлэхээр болжээ.
Одоогийн байдлаар Саудын Арабад коронавирусний вакцинжуулалт эрчимтэй явагдаж байна. 34.2 сая орчим хүн амтай тус улсад 11.8 сая гаруй тун вакцин тарьжээ.
Саудын Арабад цар тахал дэгдсэнээс хойш халдварын 435 027 тохиолдол бүртгэгдэж, 7188 өвчтөн нас барсан байна. Одоогийн байдлаар 8078 хүн эмчлүүлж байгаагаас 1384-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.