Африкийн орнуудыг вакцинаар нэн даруй хангахыг уриалжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Африкийн орнуудыг “COVID-19”-ийн вакцинаар нэн даруй хангахыг бололцоотой бүх улс оронд уриалжээ. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй цахим хэлэлцүүлгийг даргалах үеэрээ ийнхүү мэдэгджээ.
“Олон улс цар тахалтай тэмцэх хангамж, эм тариа, технологи, санхүүжилт зэргийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор Африкийн вакцины хүртээмж, худалдан авах чадварыг нь сайжруулахад хувь нэмрээ оруулах боломжтой” гэж Ван И хэлсэн байна.
Зуунд тохиогоогүй цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед Хятад, Африк хамтран Африкийн хөгжлийг хөхиүлэн дэмжих хамтын санаачилга байгуулах хүсэлтэй байгааг тэрбээр мөн дурджээ. Мөн цар тахалтай тэмцэх, цар тахлын дараа эдийн засаг тэргүүтэй бусад салбарыг сэргээхэд Африкт дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
“Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, тэр дундаа Африктай уламжлалт хамтын ажиллагаа бүхий орнуудад энэхүү санаачилгад нэгдэж, “Африкийн тэргүүлсэн, тэгш эрхтэй, нээлттэй байх” зарчмыг баримталж, уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалж байна” гэж Ван И нэмж хэлжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тавдугаар сард даргалж буй БНХАУ лхагва гарагт “Африкийн энх тайван, аюулгүй байдал: Цар тахлын дараах сэргэлтийн үйл явцад бий болох зөрчлийн үндсэн шалтгааныг зохицуулах нь” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.