“Pfizer”, “AstraZeneca”-гийн вакцин Энэтхэгт илэрсэн хувилбарын эсрэг үр дүн үзүүлжээ

“Pfizer”, “AstraZeneca”-гийн вакцин Энэтхэгт илэрсэн хувилбарын эсрэг үр дүн үзүүлжээ

АНУ, Германы “Pfizer-BioNTech”, Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины хоёр тун Энэтхэгт анх илэрсэн хувилбарын эсрэг Англид анх бүртгэгдсэн хувилбарынхтай ойролцоо үйлчилж байгааг нэгэн судалгаагаар тогтоожээ.

Английн Нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр, “Pfizer”-ийн вакцин Энэтхэгт илэрсэн “B.1.617.2” хувилбарын эсрэг 88 хувь, Английн Кент гүнлэгт илэрсэн “B.1.1.7” хувилбарын эсрэг 93 хувийн үр дүн үзүүлжээ. “AstraZeneca”-гийн вакцины хувьд Энэтхэгт илэрсэн хувилбараас 60 хувь, Англид илэрсэн хувилбараас 66 хувиар хамгаалж байна.

Ийнхүү вакцины үр дүнг тогтоохдоо хоёр тунг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа судалгаа хийсэн байна. Кентэд илэрсэн хувилбар нь Англид одоо давамгайлж байгаа боловч цаашид Энэтхэгт илэрсэн хувилбар голчлон тархаж болзошгүй гэдэгт эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.  

Английн эрүүл мэндийн байгууллагууд аль болох олон хүнийг вакцинд хамруулахын тулд хоёр тунгийн хоорондох зайг гурван сар хүртэл сунгаад байгаа юм. Гэвч коронавирусний хувилбаруудаас сэргийлэхэд хоёр тунг хоёуланг нь хийлгэх хэрэгтэй нь харагдаж байгаа тул архаг хууч өвчтэй, 50-иас дээш насны хүмүүсийн вакцин хийлгэх хугацааг найман долоо хоног болгох шаардлагатай гэж үзэж байна.

“Энэхүү судалгаагаар хоёр тун вакцин Энэтхэгт илэрсэн хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг харуулсан тул хэвийн байдалдаа эргэн орох төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд улам итгэлтэй боллоо” гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.