Токиогийн Олимпын шагнал гардуулах ёслолын хөгжим, шагналын тавцанг танилцууллаа
Токиогийн Олимп, Паралимпын наадам болоход 50 хоногийн хугацаа үлдээд буйтай холбогдуулан наадмыг зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжим, шагналын тавцангийн загварыг танилцууллаа.
Токио хотноо пүрэв гарагт цахимаар зохион байгуулсан танилцуулах үйл ажиллагаанд Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Хашимото Сэйко, Японы Олимпын хорооны тэргүүн Ямашита Ясүхиро тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Наадмыг зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын ажиллагааг байгаль орчинд ээлтэй байлгахад ихээхэн анхаарал хандуулжээ. Тухайлбал, шагналын тавцангуудыг дахин боловсруулсан хуванцраар хийсэн байна.
Мөн 2011 онд газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы зүүн хойд нутаг дахь сэргээн босголтыг илтгэн харуулах үүднээс тухайн үед ашиглаж байсан түр хорогдох байрны үлдэгдэл материалуудыг мөн тавцан бүтээхэд ашиглажээ.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр туслах сайн дурын 500 ажилтны өмсөх хувцасны хувьд кимоно болон орчин үеийн хувцсыг хослуулсан загвараар бүтээж, өнгийг нь медаль тавих тавцангийн өнгөтэй адил Олимпын үндсэн таван өнгийн нэг болох хөх өнгөөр сонгосон байна.
Коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" Олимп, Паралимпын наадмын үеэр медаль гардуулах 878 ёслол зохион байгуулагдах бөгөөд эдгээр ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг алдарт хөгжмийн зохиолч Сато Наоки зохиожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.