ЕХ, АНУ, Их Британи Беларусьт шинээр хориг арга хэмжээ авчээ.

ЕХ, АНУ, Их Британи Беларусьт шинээр хориг арга хэмжээ авчээ.

 Ирландын агаарын тээврийн “Ryanair” компанийн нисэх онгоцыг албадан буулгаж, сэтгүүлч Роман Протасевичийг саатуулсны хариуд Европын холбоо /ЕХ/, АНУ, Канад, Их Британи даваа гарагт Беларусийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авчээ.

ЕХ-ны хориг арга хэмжээ нь калийн бордоо, газрын тос, нефть, химийн бүтээгдэхүүний экспорт, тамхины үйлдвэр, санхүүгийн салбар гэх зэрэг Беларусийн эдийн засгийн гол салбаруудад нөлөөлнө.

Тус холбооны орнуудын Сайд нарын зөвлөлөөс 86 аж ахуйн нэгж, хувь хүнийг ​​хориг арга хэмжээний жагсаалтад оруулах тухай тогтоолыг баталжээ. Шинэ хязгаарлалтад хөрөнгийг нь битүүмжлэх, виз олгохыг хориглох зэрэг арга хэмжээнүүд орно. Хоригт өртсөн хувь хүн, компаниудын нэрийг хожим нь нийтлэхээр болжээ.

ЕХ-ны хориг арга хэмжээний жагсаалтад Беларусийн Батлан ​​хамгаалахын сайд Виктор Хренин, Зам тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Авраменко, Дотоод хэргийн дэд сайд Николай Карпенков зэрэг Засгийн газрын хэд хэдэн гишүүн багтсан байна.

 

Түүнчлэн АНУ-ын Сангийн яам Беларусийн 16 албан тушаалтан, таван байгууллагыг хоригийн жагсаалтад нэмж оруулснаа зарлав.

Беларусийн Улсын аюулгүй байдлын хороо, Акресциний гудамжинд зартай Минскийн цагдан хорих төв, Дотоод хэргийн яамны Дотоодын цэрэг, мөн тус яамны Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх газар, Брест мужийн Дотоод хэргийн газар гэсэн таван байгууллагыг хоригийн жагсаалтад оруулжээ.  

АНУ-ын хоригт өртсөн 16 хүний ​​дотор Лукашенкогийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Эйсмонт, Улсын аюулгүй байдлын хорооны дарга Иван Тертель, Улсын аюулгүй байдлын хорооны “Альфа” тусгай ангийн командлагч Сергей Зубков, Ерөнхий прокурор Андрей Швед, Дотоодын цэргийн командлагч Николай Карпенков, Хууль зүйн дэд сайд Сергей Калиновский, Минск хотын цагдаагийн дарга Михаил Гриб, Брест мужийн цагдаагийн дарга Михаил Гриб, Александр Астрейко, мөн Сонгуулийн төв хорооны долоон гишүүн орсон байна.

Их Британийн Гадаад хэргийн яам мөн Беларусийн албан тушуултнууд, байгууллагуудад авсан хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүлж байгаагаа даваа гарагт мэдэгдэв.

Тус улсын Гадаад хэргийн яамнаас “Ryanair” компанийн онгоцыг албадан буулгаж, Роман Протасевич болон түүний найз бүсгүй София Сапегиг баривчилсантай холбогдуулан долоон хүн, нэг байгууллагад шууд хориг арга хэмжээ авсан бол "Александр Лукашенко болон түүний дэглэм Беларусьт ардчиллыг дарж, хүний ​​эрхийг зөрчсөөр байгаагийн хариуд" дөрвөн хүн, нэг байгууллагыг хоригийн жагсаалтад оруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.