Цагдаагийн офицер асан Дерек Шовин 22.5 жил хоригдох ял авлаа

Цагдаагийн офицер асан Дерек Шовин 22.5 жил хоригдох ял авлаа

Африк гаралтай америк иргэн Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт гэм бутуутай нь тогтоогдсон цагдаагийн офицер асан Дерек Шовинд АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполс хотын шүүхээс 22.5 жилийн хорих ял оноолоо.

Баасан гарагт болсон шүүх хурлыг хотын “Star Tribune” цахим хуудас дамжуулжээ. Ялын тогтоолыг шүүгч Питер Кэхилл уншиж танилцуулсан байна. Яллагч талаас Шовинд 30 жилийн хорих ял оноохыг хүссэн юм. 

Шүүгч хэлсэн үгэндээ түүний шийдвэр нь "сэтгэлийн хөдлөл, өрөвдөх сэтгэл, олон нийтийн санаа бодолд тулгуурлаагүй болохыг онцлон тэмдэглэжээ”. Үүний зэрэгцээ Кэхилл энэ хэргийг албан тушаалаа урвуулан ашиглаж, онц хэрцгий аргаар үйлдсэн тул тэрбээр ийм тохиолдолд оноодгоос илүү хатуу шийтгэл ногдуулсан гэдгээ нэмж хэлсэн байна. Шүүгч мөн Шовинд 15 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах боломжийг үлдээжээ.

Дерек Шовин өнгөрсөн оны тавдугаар сард Жорж Флойдыг баривчлах үедээ хүзүүн дээр нь удаан өвдөглөсний улмаас Флойдын амьсгал боогдож нас барсан юм. Флойдыг нас барсны дараа АНУ даяар олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.