Афганистаны хойд хэсэгт байдал муудаж байна.

Афганистаны хойд хэсэгт байдал муудаж байна.

 Афганистаны хойд хэсэгт байдал улам бүр дордож, ноцтой түгшүүр төрүүлж байна гэж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась мэдэгджээ.

“Афганистанд үнэн хэрэгтээ байдал улам бүр дордож байна. Маш аюултай хэмжээнд хүрсэн гэж би хэлэхгүй, гэхдээ тэндхийн нөхцөл байдал ихээхэн түгшээж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Афганистантай залгаа хилийн аюулгүй байдлыг хангахын тулд Тажикистан улсад тусламж үзүүлэх шаардлагатай байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Талибуудын ширүүн довтолгооны улмаас бямба гарагт Афганистаны 300 хилчин их хэмжээний хохирол амсахгүйн тулд Тажикистаны хилийг давахаас аргагүйд хүрчээ. Америкийн цэргүүд Афганистанаас гарахтай зэрэгцэн "Талибан" хөдөлгөөн довтолгоогоо улам эрчимжүүлсэн байна. 

Сүүлийн 24 цагийн дотор Афганистаны зүүн хойд нутгийн Бадахшан мужийн арав гаруй сууринг талибууд хянгалтдаа авсныг мужийн аюулгүй байдлын албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Хилийн нөгөө талд хүнд тулаан болсныг хөрш Тажикистаны цэргүүд баталсан байна.

Тажикистаны Засгийн газар хилээр нэвтэрсэн афган цэргүүдийг “хүмүүнлэг ёсны үүднээс, сайн хөршийн үүднээс” хүлээн авч, тусалж дэмжсэн тухайгаа мэдэгдсэн байна.

Хэдийгээр цэргүүд нь ухарсан ч бямба гаргийн тулаанд “Талибан” хөдөлгөөний 224 гишүүнийг устгасан тухай Афганистаны батлан хамгаалах яам мэдээлжээ.

Одоо Афганистантай залгаа Тажикистаны хил цэргүүдийнх нь бүрэн хяналтад байгааг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.