Биткойны талаар хэн юу өгүүлэв
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, иргэд, олон нийтийн хөрөнгө оруулалтын шинэ арга хэрэгслийн хувьслыг эдийн засгийн нөлөө бүхий улсуудын төв банкнууд криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байсан.
Тэгвэл 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр дэлхийн алдарт “Форбс” сэтгүүл “БНХАУ-ын Төв банк: Биткойн ямар ч үнэ цэнэгүй. Төв банкнууд Биткойныг устгаж чадах уу” нэртэй нийтлэл гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооноос албан бус орчуулгатайгаар та бүхэнд хүргэж байна.
БНХАУ-ын Төв банк: “Биткойн ямар ч үнэ цэнэгүй”. Төв банкууд Биткойныг устгаж чадах уу? “Форбс” сэтгүүл, 2021.08.31
Өндөр албан тушаалтнууд эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд мөнгө хүртэлх бүх зүйлсийг илүү төвлөрсөн, хяналттай болгохыг шаардаж байна. Төвлөрсөн бус систем нь дээшээ өгсөх тулаан мэт.
Төвлөрсөн болон төвлөрсөн бус системүүд хоорондоо өрсөлдөх явцад, мөнгөний урсгалыг хянах чиг үүрэг бүхий төв банкууд төвлөрсөн бус санхүүгийн өвөг эцэг болсон биткойныг устгах ажлыг эхлүүлж чадах болов уу? Энэ бол үнэн, аль ч төв банк биткойн (BTC)-д дуртай биш. Биткойныг энэ долоо хоногт БНХАУ-ын Ардын банк /People’s Bank of China/-наас ямар ч үнэ цэнэгүй гэж мэдэгдсэн. Биткойн болон бусад криптовалют нь “хууль ёсны шалгаруулалт биш бөгөөд үнэ цэнийг нь дэмжих бодит зүйл байхгүй” гэж БНХАУ-ын Ардын банк /People’s Bank of China/-ны Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах төв /Financial Consumer Rights Protection Bureau/-ийн дэд захирал Юин Юпинг /Yin Youping/ энэ оны 8 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын дотоодын хэвлэлд ярилцлага өгчээ.
Энэ оны 8 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Төв банк /Bank of Russia/-наас биткойныг “технологид суурилсан санхүүгийн пирамид схем” гэв. ОХУ-ын Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Швецов /Sergey Shvetsov/ биткойныг “дайны талбарт гарах”-тай зүйрлэж, биткойноор арилжаа хийдэг нэг ч компани (дотоодын Койнбэйс /Coinbase/ зэрэг компани)-ийг дотоодын хөрөнгийн бирж бүртгэх ёсгүй хэмээжээ. Энэ оны 7 дугаар сарын 18-ны өдөр Английн Төв банк /Bank of England/-ны Финтек хариуцсан захирал Том Маттон /Tom Mutton/ нь “биткойноос дижитал хэлбэртэй уламжлалт мөнгө хамаагүй дээр” гэжээ. Түүний “биткойны гүйцэтгэлийн хангалтгүй байдал болон эрчим хүчний үр ашиггүй байдлыг харгалзан үзвэл биткойныг төв банкны дижитал валютад ашиглах технологитой харьцуулах боломжгүй” гэж хэлснийг “Койндэск /Coindesk/” дамжуулав. АНУ-ын Холбооны нөөцийн банк /Fed/-ны тэргүүн Повелл /Powell/ энэ оны 7 дугаар сарын 16-ны өдөр Конгрессд өгсөн мэдээлэлдээ “дижитал долларын чиглэлээр хийж буй тасралтгүй судалгаа шинжилгээ нь биткойныг ашиглалтаас шахаж гаргах магадлалтай” гэв. Тэрээр “дижитал доллар байхад танд стэйблкойн, криптовалют хэрэггүй” гэжээ. Одоогоос 2 сарын өмнө Японы Төв банк /Bank of Japan/-ны Ерөнхийлөгч Харухико Курода /Haruhiko Kuroda/ биткойн буюу биткойны “хөрөнгө оруулалт”-ыг өндөр эрсдэлтэй мөрийтэй тоглоомд ашигладаг казиногийн чиптэй зүйрлэсэн байна. Үүний дээр хэн ч биткойноор худалдан авалт хийдэггүй. “Үнэндээ биткойныг төлбөр тооцооны хэрэгслээр ашигладаг хүн байхгүй” гэж энэ оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Блүүмберг”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Төв банкууд биткойныг зах зээлээс шахан гаргах зорилго бүхий олон улсын хэмжээний зохион байгуулалттай арга хэмжээ авч байгаа тухай би /Кенет Рапоза, /Kenneth Rapoza/ нийтлэгч/ анхааруулсаар ирсэн. Мэдээж энэ нь биткойны үнийг огцом өсгөх болно, гэвч дэлхийн томоохон төв банкууд бүх биткойныг хуримтлуулах үед юу болох вэ? Нөгөө талаас, эдгээр үйл ажиллагааг хориглоход төв банкуудад юу саад болж байна вэ? Магадгүй ийм учраас 2008 оны моргэйжийн хөөсрөлийн үеэр нэрд гарсан хедж сангийн менежер Джон Паулсон /John Paulson/ биткойнийг (мөн алткойнуудыг) ямар ч үнэ цэнэгүй гэж боддог байх. Тэрээр үүнийг өнгөрсөн сарын 30-ны даваа гарагт “Блүүмберг TВ”-ийн зөвхөн захиалга өгч үйлчлүүлдэг үзэгчдэд хэлсэн байна. Тэрбээр “Криптовалютууд өнөөдөр хаана арилжаалагдаж байгаагаас үл хамааран ирээдүйд үнэ цэнээ алдах болно. Хүмүүсийн сэтгэл хөдлөл намжиж, криптовалютын хөрвөх чадвар буурсны дараа тэдгээрийн үнэ цэнэ тэг болно. “Би хэнийг ч криптовалютад хөрөнгө оруул гэж зөвлөхгүй” гэжээ. Жэминид данстай /Жэмини /Gemini/ - хувийн өмчит криптовалютын бирж/ жижиг хөрөнгө оруулагчид энэ талаар сонсох дургүй байдаг. Тэд компьютерийн донтон, тоглоомчдыг эс тооцвол хэний ч ашигладаггүй блокчэйн төслүүдийн алткойнуудыг худалдаж авдаг. Гэсэн хэдий ч, дожекойны /dogecoin/ 10,000 хувийн өсөлт нь хүмүүсийг жинхэнээсээ итгүүлж чадсан.
Магадгүй энэ бүхэн бүгд үнэ цэнэгүй. Гэхдээ богино хугацаанд эргэлдсээр байх учир азаа үзэж болох л юм. Харин урт хугацаанд биткойны хамгийн том эрсдэл бол АНУ-ын Холбооны нөөцийн сан /Fed/, БНХАУ-ын Ардын банк /People’s Bank of China/ болон Япон улсын Төв банк /Bank of Japan/ зэрэг юм. Тэдэнд биткойны шаардлага байхгүй бөгөөд өөрсдийн дижитал уламжлалт валютад өрсөлдөгч бий болоосой гэж хүсэхгүй нь тодорхой. Хэний санаа зовж байна вэ? “АНУ-ыг оруулаад бүх засгийн газар ард иргэдээ өөрсдийн үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглаасай гэж хүсдэг” хэмээн Олон улсын дижитал банк /EQIBank/-ны гүйцэтгэх захирал болон EQIFI-ийн тэргүүн Жэйсон Блик /Jason Blick/ хэлжээ. Тэрбээр үүнийг “seigniorage” гэж нэрлэдэг эдийн засгийн зарчимтай холбож тайлбарласан бөгөөд, тус зарчмаар АНУын Холбооны нөөцийн сан /Federal Reserve/ нь долларыг мөнгө хэвлэх зардлаас хамаагүй өндөр үнээр хэвлэдэг. “Seigniorage-ийн гол асуудал нь хэвлэсэн мөнгийг иргэд хэрэглэхгүй байх тохиолдолд уг зарчим бүтэлгүйтдэг.
Аргентин, Иран зэрэг жижиг улс үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлгүй болж, биткойн зэрэг өөр хувилбарууд гарч ирэх нь далд эдийн засгийг бий болгосон” гэж Блик /Blick/ хэлэв. “Seigniorage-ийн уг асуудал нь маш олон оронд тулгамддаг бөгөөд ихэнхдээ дээрх шалтгаанаар засгийн газрууд дижитал хөрөнгийг хориглохыг хүсдэг. Гэвч долларын давамгай байдлыг харгалзвал энэхүү нөхцөл байдал АНУ-д хэзээ ч үүсэхгүй гэж үзэж байна.” Зарим хүмүүс дижитал доллар эсвэл БНХАУ-ын дижитал мөнгөн тэмдэгт (RMB)-ийг жинхэнээсээ нэвтрүүлэх эсэхэд итгэлгүй байдаг. Гэвч үүнийг аль хэдийн БНХАУ зарим хэсэгт туршиж эхэлсэн байна.
“Хэрэв АНУ-ын Холбооны нөөцийн сан блокчэйнд нийцсэн дижитал долларыг гаргавал энэ нь биткойн, этэриум болон бусад криптовалютад таатайгаар нөлөөлөх болно” гэж Британийн Виржиний арлууд дахь Нит Финанс /Knit.Finance/ компанийн гүйцэтгэх захирал Сайнат Гупта /Sainath Gupta/ үзэж байна. Дижитал валют гаргах асуудал нь криптовалютын төвлөрсөн бус санхүүгийн талбарт хамаарч байгаа бөгөөд олон блокчейний нийлбэр, тэдгээрийн холбоо, хөрвөх чадвартай хамааралтай хэсэгт байна. Тэрээр “Би үүнийг хөрөнгө оруулагчдын хувьд илүү хялбар, найдвартай гүүр болно гэж бодож байна, харин жижиг хөрөнгө оруулагчид эдгээрээс хоцрохгүйн тулд арилжаанд орж криптовалютын үнийг хаа сайгүй нь өсгөх болно” гэжээ. Төвлөрсөн дижитал валют нь биткойнд шууд байдлаар аюул занал учруулахгүй гэж ихэнх блокчэйн, криптовалютын салбарынхан үзэж байна. Үүний шалтгаан нь зохицуулагч болон блокчэйн, криптовалютын үндсэн зорилго, шинж чанар нь эрс өөр юм.
Биткойноос ялгаатай нь БНХАУ-ын дижитал валют, дижитал долларыг зохицуулагч төв байгууллагаас гаргадаг. Биткойны төвлөрсөн бус бүтэц, үнийн хэлбэлзэл болон хязгаарлагдмал нөөц зэрэг хэв шинжид үндэслэн ихэнх улс орон үүнийг бараа бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт гэх ангилалд багтаадаг. Иймд, биткойны эрэлт нь төрөөс гаргаж буй дижитал валютын эрэлттэй аливаа уялдаа холбоотой биш юм. Регал Холдингс /Regal Holdings/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Аднан Хайдер /Adnan Haider/: "биткойн нь банкны зохицуулалт болоод мөнгө угаахтай тэмцэх хууль тогтоомжуудын эрх мэдэлд байна" гэжээ.
Хайдер нь Арабын Нэгдсэн Эмират улсын томоохон банкны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Тогтмол орлого ба хувьцааны газрын захирлаар ажиллаж байсан. Мөн тэрбээр Барклэйс Капитал /Barclays Capital/-д зээлийн деривативын арилжаа, компанийн санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан тул банкны уламжлалт тогтолцоог сайн мэддэг. Тэдний Регал Экс /RegalX/ платформыг форекс, түүхий эд, үнэт металл, криптовалютын арилжаа эрхлэгчид ашигладаг.
Мөн "AI Autotrade" хэмээх ухаалаг оюун ухаан, судалгаа, хөгжүүлэлтийн компанитай бөгөөд энэ нь хүний хийдэг арилжаа наймаа, тоон болон робот арилжааг автоматаар хийх боломжийг олгодог. Ихэнх төв банкуудын удирдлагууд нь биткойныг үгүйсгээгүй тохиолдолд өөрсдийн үнэт цаас, биржийн зохицуулагч байгууллагаараа дамжуулан хэрхэн зохицуулалт хийх талаар судалсаар байна. Криптовалютад хөрөнгө оруулагчид “зохицуулагч байгууллагууд ямар шийдвэр гаргах, юу хэлэх, тэднийг зах зээлд оролцохыг зөвшөөрөх эсэхийг хүлээж байна. Төр засгаас тэдгээрийг хэрхэн зөв зохистой зохицуулах шийдлээ хараахан олж амжаагүй тул эрт орой хэзээ нэгэн цагт дэлхийн улс орнуудын төрийн зохицуулагч байгууллагуудаас зохицуулалтын чанга арга хэмжээг авч эхлэх байх" гэж тэрээр хэлэв.
Энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр “Форбс” сэтгүүлийн Дани улс дахь сэтгүүлч Рослин Лаятон /Roslyn Layton/ 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо /U.S. Securities and Exchange Commission/-ноос криптовалют хөгжүүлэгч Риппл Лабс /Ripple Labs/-ын эсрэг гаргасан нэхэмжлэл нь крипто мэргэжилтнүүдээс маш их шүүмжлэл авсан талаар бичжээ. Нийтлэлд “Шүүхийн өмнөх шатанд Риппл /Ripple/-ийн хуулийн баг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо /SEC/-г шүүхэд өгсөн бөгөөд “олон жилийн криптовалютын зөрчилдөөнтэй, будлиантай дүрэм журмын дараа хэн ч жижиглэн криптовалютын хөрөнгө оруулагчдаас хууль эрх зүй, улс төр, олон нийтийн сүлжээгээр дамжуулсан цунами болно гэж төсөөлөөгүй. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэсэн агентлаг нь тэднээс урвасан нь тэдний ундууцлыг хүргэсэн” гэжээ.
Энэхүү 2 их наяд долларын дэлхийн хөрөнгө оруулагчдын хамтын нийгэмлэгийн АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо /SEC/-нд итгэх итгэл үнэмшил буурч байгаа нь тус Хороо буруу тооцоолол хийснийг илтгэж байна. Криптогийн зохицуулалт ч мөн бэрхшээлтэй бөгөөд энэ нь 2 талтай. БНХАУ үргэлж биткойныг үзэн яддаг байсан. Тэднийг биткойн олборлогчдыг үйл ажиллагаагаа зогсоо гэж хэлж байсныг санаж байна уу? Гэсэн ч тэд олборлолтоо дахин эхлүүлсэн.
БНХАУ-ын засгийн газрын хувьд биткойн жижиг асуудал мэт боловч олон нийтийн дунд олон жилийн туршид төвөгтэй асуудал хэвээр байна. “Санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөл үзүүлж болох юун дээр ч болов Бээжин болгоомжтой хандаж ирсэн. Тэд аливаа зохицуулалтгүй, тогтворгүй дижитал хөрөнгийг БНХАУ-ын хүн амын дунд арилжиж, ашиглаж, хөрөнгө оруулалт хийж буй асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээдэг” гэж Блик /Blick/ хэлэв.
Тэгвэл БНХАУ-ын Ардын банк /PBoC/ биткойнд тааламжгүй хандахаас гадна өөр шинэ зүйл юу байна? Тэдний гол зорилго бол доллар юм. Тэдний дижитал юань нь зөвхөн биткойноос гадна дэлхийн худалдааны валют болох долларыг ялан дийлэх, ялангуяа долларын Ази дахь ноёрхлыг үгүй хийх урт замын эхлэл юм. "Үүний үр дагаварт сандарсан хүмүүс биткойноо богино хугацаанд зарж борлуулах нь гарцаагүй" гэж Блик /Blick/ өгүүлэв.
Хайдэрийн хувьд энэ бол ердөө л төв банкны хэсэг зуурын аргацаасан арга юм. Таны биткойн аюулгүй хэвээр байгаа. “Дижитал хөрөнгийн өсөлт уламжлалт санхүүд саад болсоор байх болно. Та криптогийн дэмжигч эсвэл эсэргүүцэгч эсэхээс үл хамааран дижитал хөрөнгө нь төлбөр тооцоо, хил дамнасан шилжүүлэг, гадаад валютын зах зээлд томоохон өөрчлөлтийг бий болгох нь тодорхой байна" гэж Хайдер /Haider/ хэлэв. Мөн тэрбээр “Би ойрын хэдэн жилийг өөрчлөлтийн чухал үе гэж харж байна. Ийм учраас төв банкууд дижитал мөнгөн тэмдэгт гаргаж, олон улсын зохицуулагч, татварын байгууллагууд энэхүү экосистемийн хяналтыг хадгалах оролдлогуудыг хийж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.