ОХУ, Беларусийг нэгтгэх талаарх бүх хөтөлбөрийг тохиролцжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар пүрэв гарагт Москвад уулзлаа. Хоёр улсын удирдагчид Кремльд 3.5 цаг орчим хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, Холбооны улс байгуулах талаарх бүх 28 хөтөлбөрийг тохиролцсон тухайгаа мэдэгджээ.
Беларусийн Ерөнхийлөгч энэ онд тав дахь удаагаа В.Путинтэй уулзаж байгаа нь энэ юм.
ОХУ, Беларусийг нэгтгэх талаарх хөтөлбөрүүд
- ОХУ, Беларусь аж үйлдвэрийн нэгдсэн бодлогод шилжиж байна гэж В.Путин мэдэгдэв. Оросын удирдагчийн онцлон тэмдэглэснээр, макро эдийн засгийн нийтлэг бодлого хэрэгжүүлэх, төлбөрийн системийг нэгтгэх, мэдээллийн аюулгүй байдал, гааль, татвар, эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар тохиролцоонд хүрсэн байна.
- В.Путин мөн Орос, Беларусийн эрчим хүчний нэгдсэн зах зээлийн тухай баримт бичигт 2023 оны 12 дугаар сарын 1-нээс өмнө гарын үсэг зурахаар болсон тухай мэдэгдэв.
- Орос, Беларусь улсуудыг холбооны улс болгон нэгтгэх бүх хөтөлбөрийг тохиролцжээ. Путиний хэлснээр, хөтөлбөрүүдийг батлахаар төлөвлөж буй ОХУ, Беларусийн Холбооны Улсын Төрийн дээд зөвлөлийн хурлыг энэ онд багтаан зохион байгуулахаар болсон байна.
- Орос, Беларусийн иргэд хоёр улсыг Холбооны улс болгон нэгтгэсний ачаар эдийн засаг, нийгмийн салбарт тэгш эрх, боломжийг олж авахаас гадна, тэдний амьжиргааны түвшинг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж ОХУ -ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
- ОХУ-ын Ерөнхийлөгч намар дуусахаас өмнө Минск айлчлахаар болсон байна. Айлчлалын тов хараахан гараагүй бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэх аж.
Эдийн засгийн интеграц
- Москва, Минск үндэсний төлбөрийн системийг нэгтгэж, Холбооны улсын хүрээнд нэг орон зайг бий болгохоор төлөвлөж байна.
- Лукашенко хоёр улс нэг мөнгөн тэмдэгт хэрэглэхийг үгүйсгэсэнгүй. Харин Путин нэг валютын талаар ярих нь эрт байна, юуны өмнө макро эдийн засгийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.
- 2022 онд Беларусьт нийлүүлэх Оросын хийн үнийг 2021 оны түвшинд хэвээр байлгахаар тохиролцсон байна. Үүний зэрэгцээ Путин 2022 онд хийн үнийг инфляцийн түвшинд индексжүүлэхгүй гэдгийг онцолжээ.
Улс төр ба аюулгүй байдал
- Хоёр улсын Ерөнхийлөгч нар батлан хамгаалах нэгдсэн орон зай бий болгох талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Путин Орос, Беларусийн хамтарсан "Өрнөд-2021" сургуулилалтад ихээхэн анхаарал хандуулсан байна. Энэхүү сургуулилалт нь хэн нэгний эсрэг чиглээгүй гэдгийг Оросын удирдагч онцлон тэмдэглэжээ.
- Ерөнхийлөгч нар мөн Афганистаны байдлыг хэлэлцсэн байна. Минск, Москва цэргийн аюул заналтай хийх тэмцлээ эрчимжүүлнэ гэж Лукашенко мэдэгджээ.
- ОХУ Беларусь-Литвийн хил дээр үүсээд буй нөхцөл байдалд нөлөөлөхгүй гэж Путин онцлон тэмдэглэсэн байна. Лукашенко цагаачдын асуудалд Беларусийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх бодлого баримталж байгаад Путинд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
- Орос, Беларусийн Холбооны парламентын тухайд энэ асуудлыг хараахан хэлэлцэгдээгүй байгааг Путин мэдэгджээ.
Агаарын харилцаа ба зээл
- Хоёр улсын хооронд агаарын тээврийн бүх хязгаарлалтыг цуцлахаар шийджээ.
- 2022 оны эцэс гэхэд ОХУ-аас Беларусьт олгох зээлийн хэмжээ 630-640 сая орчим ам.доллар болно.
- Минск одоогоор шинэ зээл авахаар Москвад хандахгүй гэж Лукашенко мэдэгдэв.
- Хоёр улс нэгдэх зөв замдаа явж байгааг Путин онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.