Ши Жиньпин Жо Байдентай утсаар ярилаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа утсаар ярилаа.
Цагаан ордны мэдээлснээр, удирдагчид хоёр талын ашиг сонирхол давхцаж буй сэдвүүдийн талаар өргөн хүрээний, стратегийн яриа хэлэлцээ өрнүүлжээ.
Ж.Байден Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш талууд хоёр дахь удаагаа утсаар ярьж буй нь энэ юм. АНУ-БНХАУ-ын харилцаа худалдаа, тагнуул, цар тахалтэй холбоотой асуудлуудын улмаас хурцдаад буй билээ.
“Энэхүү хэлэлцээ нь АНУ, БНХАУ-ын өрсөлдөөнийг хариуцлагатайгаар зохицуулах АНУ-ын хүчин чармайлтын нэгээхэн хэсэг гэдгийг Ж.Байден тодорхой илэрхийлсэн” гэж Цагаан ордон мэдэгджээ.
Уг мэдэгдэлд дурдсанаар, хоёр орны удирдагчид өрсөлдөөн цаашид зөрчил болон даамжрахаас сэргийлэхийн тулд хоёр орны хүлээх үүрэг хариуцлагын талаар хэлэлцсэн байна.
Энэ оны эхээр хийсэн АНУ, БНХАУ-ын өндөр түвшний яриа хэлэлцээ нэлээд хурцадмал болж, хоёр талын төлөөлөгчид харилцан бие биеэ ширүүн шүүмжилсэн юм.
Тодруулбал, БНХАУ-ын төлөөлөгчид АНУ-ыг “Хятад руу халдахыг” бусад улс орнуудад өдөөн турхирсан хэмээн буруутгасан бол АНУ Хятадын төлөөлөгчид “олны анхаарлыг татахын тулд” хэлэлцээний ширээнд суусан гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.