Сальвадор улс галт уул ашиглан Bitcoin олборлож эхэлжээ.
Сальвадор улсын эрх баригчид галт уулын бэлд биткоины “уурхай” ажиллуулж эхэлжээ.
Биткоин олборлох тоног төхөөрөмжийг геотермаль буюу дэлхийн гүнээс ялгарч байгаа дулааны энергийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцад холбосон байна. Олборлолтын ийм арга нь одоогийн байдлаар хамгийн хямд бөгөөд байгаль орчинд ээлтэйд тооцогдож байгаа юм.
Сальвадор улс өмнө нь биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон юм.
Тус улсын Ерөнхийлөгч Найиб Букеле олборлолтын шинэ “уурхайн” дүрс бичлэгийг твиттер хуудсандаа нийтэлжээ. "Эхний алхмууд" гэж тэрбээр бичээд, #Bitcoin хаштагийг нэмж оруулсан байна.
Сальвадорын Засгийн газар биткоинд 21 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Үүнээс өмнө тус улсын цорын ганц валют нь ам.доллар байжээ.
Түүгээр барахгүй тус улсад криптовалютын “АТМ” –үүд тавьсан боловч хэт ачааллаас болж хэсэг хугацаанд унтраах шаардлагатай болжээ. Үүний зэрэгцээ Сальвадор дахь “McDonald's”, “Starbucks”, “Pizza Hut”-ын сүлжээнүүд захиалгын төлбөрийг криптовалютаар хийж эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.