Австрали улс ирэх арваннэгдүгээр сараас хилээ нээнэ
Австрали улс ирэх арваннэгдүгээр сараас хилээ нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ зөвхөн хүн амынхаа 80 хувийг "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинд хамруулсан улс орнуудад хилээ нээх юм байна.
Ирэх сарын 1-нээс коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан Австралийн иргэн болон тус улсад байнга оршин суух эрхтэй иргэдийг зочид буудалд төлбөр төлж тусгаарлахгүйгээр 7 хоног гэртээ тусгаарлагдахыг зөвшөөрнө. Харин вакцинд хамрагдаагүй иргэдэд нэвтрэх зөвшөөрөл олгох боловч 14 хоног тусгаарлах шаардлага тавих юм байна.
Вакцины хувьд Австралид зөвшөөрөгдсөн вакцин хийлгэсэн бол 7 хоногийн гэрийн тусгаарлалт, зөвшөөрөгдөөгүй вакцинтай бол 14 хоногийн тусгаарлалтад орох аж. Харин вакцинд бүрэн хамрагдсан автсрали иргэдэд зориулж гадаад аяллын арилжааны нислэгийг сэргээхээр болжээ.
Аялал жуулчлалаа хараахан нээх болоогүй ч жуулчдыг хүлээж авах чиглэлээр бусад улс оронтой хамтран ажиллаж буй юм байна. Түүнчлэн Австралийн Ерөнхий сайд Шинэ Зеланд зэрэг цар тахлын халдвар бага, аюулгүй байгаа зарим орнуудтай иргэдийг нь тусгаарлахгүй нислэг хийхээр Засгийн газар нь төлөвлөж байгааг ч мэдэгджээ.
Нислэгийн эрэлт өсөх төлөвтэй байгаа ч агаарын тээврийн компаниуд нь нислэгээ сэргээх хугацаа хойшлогдож магадгүйг анхааруулсан байна. Одоогоор Сидней, Канберра, Мельбурн зэрэг хот цар тахлын улмаас хөл хориотой байна.
Австрали нь 2020 оны гуравдугаар сараас хойш олон улсад хилээ хааж, зөвхөн Австралийн зохих журамд заагдсан буюу ажил хэргийн зайлшгүй шалтгаантай, нас барсан хамаатан садныдаа очих гэх мэт шалтгаантай иргэд л эх орондоо нэвтэрч байгаа, гадаад аяллыг хорьсон байсан.
Австралийн Засгийн газрын цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн энэхүү хатуу дүрэм, бодлого нэг талаар цар тахлын халдварыг дарахад сайн нөлөө үзүүлсэн ч олон гэр бүлийг тусгаарласан гэж шүүмжлэлд өртөж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.