Тайландын нэгэн компани АНУ-руу хэрэглэгдэж бохирдсон эмнэлгийн зориулалттай нитрил бээлий нийлүүлж байсныг тогтоолоо.
Өчигдөр дэлхий нийтийн анхаарлын төвд АНУ их хэмжээний эмнэлгийн зориулалттай өмнө нь ашиглагдсан бээлий хүлээн авч байсан талаарх CNN агентлагийн “эрэн сурвалжилга” орлоо. CNN агентлаг холбогдох байгууллагуудтай хамтран нэг сарын турш эрэн сурвалжлах материал цуглуулсны эцэст, Тайландын нэгэн компани АНУ-руу хэрэглэгдэж бохирдсон эмнэлгийн зориулалттай нитрил бээлий нийлүүлж байсныг тогтоолоо.
Цар тахлын энэ цаг үед эмнэлгийн зориулалттай нэг удаагийн бээлийний эрэлт АНУ-д өндөр байгаа. Тиймээс АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар цар тахлаас хамгаалах хэрэгслийн импортын шаардлагыг “түр хөнгөвчилсний” дараа Тайландаас хуучирч бохирдсон бээлий нийлүүлэх болжээ. Тайландын “Паэдди дэ Рүүм” компаниас АНУ-руу экспортолсон эмнэлгийн зориулалттай бээлийг хуучирч муудсан, ашигласан болохыг илрүүлэхээр CNN агентлагийн сэтгүүлчид сар гаруйн хугацаанд хил гаалийн ажилтнуудтай хамтран, импортын бүртгэлд шалгалт хийж тогтоожээ. Мөн эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулдаг байгууллагууд мэдээлэл өгч дэмжлэг үзүүлсэн байна.
Тухайлбал, Майамигийн бизнесмэн Тарек Киршен Тайландад төвтэй “Паэдди дэ Рүүм” компаниас хоёр сая долларын үнэ бүхий эмнэлгийн бээлий захиалжээ. Тэрбээр бараагаа захиалагчиддаа түгээсний дараа “бээлий бохирдсон, зарим нь цусны толботой байна” гэсэн гомдол хүлээн авчээ. Бизнесмэн тэр даруй түгээлтээ эргүүлэн татаж, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт мэдээлж, устгалд оруулсан байна. Одоогоор АНУ-ын эмнэлгийн хэрэгсэл худалдаалдаг байгууллагууд Тайландын “Паэдди дэ Рүүмс”-ээс 200 сая бээлий хүлээн авсныг тогтоогоод байгаа ч бохир бээлийнүүд хаана хэрэглэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Харин Тайландын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас тайлбар өгөхдөө “Паэдди дэ Рүүм” компанийн агуулахад шалгалт хийх үеэр цагаач ажилчид бээлийг дахин боловсруулж, угааж цэвэрлэж байсныг тогтоосон гэлээ. Одоогоор АНУ болон Тайландын эрх баригчид уг хэрэгт “Паэдди дэ Рүүм” компанийн удирдлагуудад эрүү үүсгэн шалгаж байна.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш эмнэлгийн зориулалттай нитрил бээлий, “дэлхийн хамгийн аюултай бүтээгдэхүүн” болсон гэж CNN агентлаг онцолсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.