“TSMC” компани Японд шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.
Японы Засгийн газар хагас дамжуулагчийн ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд дотоодын чипний үйлдвэрлэгчдэд татаас олгохоор төлөвлөж байна.
Тодруулбал, Засгийн газар хагас дамжуулагчдад үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх сан байгуулах төлөвтэй байна.
Улс орнуудын эдийн засаг коронавирусний цар тахлын үр дагавраас сэргэж байгаатай зэрэгцэн дэлхий дахинд чипний хомсдол нүүрлээд буйн зэрэгцээ Японы автомашин үйлдвэрлэгчид ч мөн үйлдвэрлэлээ бууруулахад хүрээд байгаа юм.
Засгийн газрын хувьд шинэ сангаараа дамжуулан хагас дамжуулагч үйлдвэрлэгчдэд чипний үйлдвэр байгуулах зардлынх нь тэн хагасыг санхүүжүүлэх бөгөөд ингэхдээ үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг тогтмол хийх нөхцөл тавих ажээ.
Аж үйлдвэрийн сайд аж ахуй нэгжүүдийн ирүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын холбогдох агентлагуудтай зөвлөлдсөний дүнд батална. Хэрэв үйлдвэрлэгч зохих шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд татаасыг эргүүлж төлөх юм байна.
Өнгөрсөн сард дэлхийд чипний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “TSMC” компани Японд шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Японы Засгийн газар тус компанид мөн шинэ сангаараа дамжуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.