Австрали эмзэг бүлгийн хүн амаа “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунд хамруулна
Австралид ирэх сараас эхлэн эмзэг бүлгийн хүн амыг “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунд хамруулна гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Австралид “Омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр “BA.2” дэд хувилбарын тархалтын улмаас халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаагаас гадна өвлийн улиралд “COVID-19”, томуугийн өвчлөл нэмэгдэж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовних болоод байгаа үед дээрх шийдвэрийг гаргасан байна.
Эрүүл мэндийн сайд Грег Хантын мэдээлснээр, “COVID-19”-ийн вакцины хоёр дахь нэмэлт тунд ирэх дөрөвдүгээр сарын 4-нөөс 65-аас дээш насны иргэд, мөн 50-иас дээш насны уугуул иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, дархлаа султай хүмүүсийг хамруулж эхэлнэ. Ийнхүү вакцинжуулалтад хамрагдах иргэд өмнөх нэмэлт тунд наад зах нь дөрвөн сарын өмнө хамрагдсан байх шаардлагатай байна.
Шинэ коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан үзүүлэлтээрээ дээгүүр бичигдэж байгаа Австралид 16-гаас дээш насны иргэдийн 95 хувь нь вакцины хоёр тунд, 67 хувь нь гурав дахь буюу нэмэлт тунд хамрагджээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдварын дөрвөн сая орчим тохиолдол илэрч, 5824 хүн нас барсан нь харьцуулах боломжтой орнуудынхаас хавьгүй доогуур байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.