НАТО Украины руу цэрэг илгээхгүй гэсэн байр суурьтай байна.
Украин улс НАТО-гоос нислэггүй бүс тогтоохыг шаардаж байгаа. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд нислэггүй бүс бий болгоно гэдэг нь Оросын агаарын хамгаалах системд өргөн хэмжээгээр цохилт өгөх шаардлага үүсгэнэ. Хэрэв нислэгийн хориотой бүс тогтоовол НАТО, Оросын хооронд бүрэн хэмжээний дайн үүсэх эрсдэл бодитоор нүүрлэнэ гэдгийг Столтенберг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө мэдэгджээ. Үүнээс гадна НАТО Украины руу цэрэг илгээхгүй гэсэн байр суурьтай байна.
Брюссель дэх төв байранд эхэлсэн НАТО-гийн гишүүн 30 улсын төр засгийн тэргүүн нар оролцох тусгай чуулганаар Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанд баримтлах бодлого тактикаа хэлэлцэх юм. Үүнээс гадна НАТО Украинд ямар байдлаар дэмжлэг үзүүлэх, зүүн жигүүрийнхээ аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудал багтаж байна.
Тухайлбал, НАТО батлан хамгаалах байдлаа урт хугацаанд найдвартай хангах суурь шийдэл гаргахыг зорьж байна. Үүний хүрээнд нэн тэргүүнд Оросоос ирж болзошгүй аюул заналын эсрэг Зүүн жигүүрийн Болгар, Румын, Унгар, Словак улсуудад байлдааны дөрвөн шинэ бүтэц бүрэлдэхүүнийг урт хугацаанд байрлуулахаар зорьж байгаа аж.
Үүнд мэдээж санхүү хөрөнгө илүү их шаардагдана. Тиймээс энэ удаагийн дээд уулзалтаар НАТО-гийн эрх баригчид батлан хамгаалахад илүү их хөрөнгө оруулах амлалтаа биелүүлнэ гэж найдаж байгаагаа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга дээд уулзалтын өмнө онцоллоо.
Тодруулбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, “НАТО өнөөдөр аюулгүй байдлын маш том хямралтай тулгарч байна. Бид энэ хямралыг хамтдаа шийдвэрлэж, Украин, НАТО болон олон улсын хууль дүрэмд суурилсан дэг журмын төлөө энэ аюул заналхийллийг арилгах болно. НАТО-гийн үндсэн үүрэг бол холбоотнуудаа хамгаалахад чиглэдэг. Иймд бид одоогоор зүүн жигүүрийн улс орнууддаа цэрэг, зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна.” гэсэн юм.
Энэ нь Польш улс Украин руу энхийг сахиулагчдаа оруулахыг НАТО-д санал болгосны хариу байр суурь гэж ажиглагчид үзэж байна. ОХУ-ын гадаад харилцааны сайд Польшийн саналын хариуд дараах байр суурийг илэрхийлжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, “Манай Польш түншүүд НАТО-г энхийг сахиулагчдаа Украин руу оруулах ёстой гэж мэдэгдсэн. Тэд юу ярьж байгаагаа сайн ойлгож байгаа гэж найдаж байна. Хэрвээ НАТО-гийн энхийг сахиулагчид Украин руу орвол Орос, НАТО-гийн хооронд сөргөлдөөн үүснэ.” гэж мэдэгдэв.
Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, "НАТО нь сүүлийн жилүүдэд Украиныг өөрийн батлан хамгаалах суурь эрхээ хамгаалахад нь цэрэг батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн зэргээр олон талаар дэмжиж ирсэн. Одоо энэ уулзалтын дүнд Украинд илүү их тусламж илгээх ялангуяа Украиныг химийн, биологийн, цацраг идэвхт болон цөмийн аюул заналхийллээс хамгаалахад дэмжлэг болохуйц техник технологийн дэмжлэг үзүүлэх дээр тохиролцоонд хүрнэ" гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
НАТО-гийн дээд уулзалтын дараа "Их-7"-гийн бүлэг, Европын холбооны дээд хэмжээний уулзалт болно. Эдгээр нь Хойд Америк болон Европ энэ хямралын өмнө хамтдаа зогсож байгааг илэрхийлэх чухал алхам гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болон Европын холбооны эрх баригчдын уулзалтад цахимаар оролцож үг хэлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.