Украинд БНСУ-ын 25 иргэн байгаа
БНСУ-ын парламент энэ сарын 28-ны хуралдаанаараа ГХЯ-ны сонсголыг авч хэлэлцлээ. Хойд Солонгосын алсын зайн пуужингийн талаарх мэдээллийг сонссоны дараа ОХУ, Украины нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.
ГХЯ-ны мэдээлснээр байлдааны ажиллагаа нэг сар гаруй үргэлжилж байгаа Украинд Өмнөд Солонгосын 25 иргэн байгаа ажээ. Үүнээс 21 нь “Юу ч болсон эндээ үлдэнэ” гэдгээ мэдэгдсэн бол 4 хүн нутагтаа харих хүсэлтэй байгаа ч хил гарч чадахгүй байгаа гэнэ. Нэг нь оросуудад эзлэгдсэн Херсон хотод байгаа, гарч чадахгүй болсон бол үлдсэн гурав нь нэг гэрбүлийн хүмүүс. Нөхөр нь украин бөгөөд Украинд дайны байдал зарлаж, 18-60 насны эрчүүдийг гадаадад гаргахгүй байгаа. Тиймээс эхнэр нь хүүхдүүдтэйгээ хамт үлдэхээс өөр аргагүй болжээ.
Тэднээс гадна хууль бусаар Украинд байлдахаар явсан 9 солонгос хүн байна. Үүнээс 3 нь БНСУ-д буцан ирж, одоо мөрдөнд шалгагдаж байгаа. Үлдсэн 6 хүний нэг нь дайнд оролгүй, сайн дурын ажил хийж байна. Гурван иргэний байгаа газар тодорхой, шаардлагатай үед холбоо барьж чадна гэж ГХЯ-наас мэдээллээ. Харин сураггүй байгаа 2 хүний нэг нь алдарт И Гүн ахмад. Тэдний байгаа газрыг олохоор яамнаас ажиллаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.