Пуужинг Ким Жөн Уны шууд тушаалаар туршсан гэжээ.

Пуужинг Ким Жөн Уны шууд тушаалаар туршсан гэжээ.

БНАСАУ хүчтэй цохилт өгөх чадавхаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, Ким Жөн Ун  “тив алгасагч “Хвасон-17” шинэ баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулахад” хувь нэмрээ оруулсан цэргийнхэн болон эрдэмтэдтэй уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.

БНАСАУ “улс орныхоо батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, давшилтын илүү хүчирхэг зэвсэг бүтээж, Солонгосын ардын армийн зэвсэглэлд нийлүүлэх” зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэж Ким Жөн Ун цохон тэмдэглэжээ.

Тус улс гуравдугаар сарын 24-ний пүрэв гарагт дахин пуужин харвасан юм. БНАСАУ тив алгасагч шинэ баллистик пуужин туршсан байж магадгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлсэн. Пуужин эдийн засгийн онцгой бүсийнх нь дотор (Ошима хойгоос баруун тийш 150 км) унасан гэж тус яам мэдээлжээ. 

Гуравдугаар сарын 24-нд тив алгасагч "Хвасон-17" баллистик пуужин туршсан нь Засгийн газар болоод ард түмний хувьд "агуу ялалт" боллоо гэж БНАСАУ-ын төв сонин болон "Нодон синмун" гуравдугаар сарын 26-нд мэдээлсэн байна. 

Харин KCNA агентлаг гуравдугаар сарын 25-нд мэдээлэхдээ, уг пуужинг Ким Жөн Уны шууд тушаалаар туршсан гэжээ. 

Умард Солонгосын талын мэдээлснээр, пуужин 1090 орчим км зайд ниссэн бол нислэгийн дээд өндөр нь 6 248 км байжээ. Тив алгасагч баллистик пуужин агаарт 68 минут байсан бөгөөд Япон тэнгист “байдаа” оновчтой туссан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.