БНСУ-ын тэргүүн хатагтай төсвийн мөнгөөр хувцас хэрэглэл авсан гэх шүүмжлэлд өртөв
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жүн Сүкийг төсвийн мөнгөөр хувцас хэрэглэл худалдан авсан гэх шүүмжлэлд өртөх болжээ.
Тэрбээр айлчлалд явахдаа олон төрлийн хувцас сольж өмсдөг нь түүнийг яг л жуулчин шиг харагдуулдаг хэмээн олон нийт шүүмжилж эхэлсэн бөгөөд үүндээ төсвийн мөнгийг ашигладаг байж болзошгүй хэмээх хардлагыг төрүүлж эхэлсэн байна.
Өмгөөлөгч Шин Пён энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа гуравдугаар сарын 25-ны өдөр анх нийтэлсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа дуусахад төсвийн мөнгөөр авсан хувцаснуудаа улсад эргүүлэн тушаахыг уриалсан аж.
Үүний дараа хэсэг иргэд хатагтай Кимийг улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутган цагдаагийн газарт гомдол гаргажээ.
Хатагтай Ким олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо зүүж байсан энгэрийн зүүлт 200 сая вонын үнэтэй байсан нь цуурхлыг дэврээхэд чухал нөлөө үзүүлжээ.
Шүүхээс Ерөнхийлөгчийн гаргасан зарлагын тухай мэдээллийг ил болгохыг өнгөрөгч хоёрдугаар сард шаардсан. Гэсэн ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар энэхүү мэдээллийг задруулах боломжгүй болсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө уг хэргийг шийдвэрлэхгүй бол дээрх мэдээлэл 15 жилийн турш нууц хэвээр хадгалагдан үлдэх дүрэмтэй ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.