БНСУ Хөх ордонг концертын төв болгоно
БНСУ-ын Хөх ордон буюу үе үеийн ерөнхийлөгч нарын байрлаж байсан өргөөг К-поп одод, үндэсний урлагийн концертын төв болгоно гэж тус улсын шинэ ерөнхийлөгчид бүрэн эрхийг нь шилжүүлэх хороо мэдээлжээ.
Хөх ордон байрлаж буй цогцолборыг ирэх тавдугаар сарын 10-нд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа бүхэлд нь олон нийтийн газар болгох аж. Цогцолборын талбайг төрөл бүрийн соёлын арга хэмжээ, тэр дундаа К-поп болон үндэсний урлагийн концерт явуулахад ашиглахаар болжээ.
Үүнээс гадна цогцолборын бүсэд явган хүний зам тавьж, спортын арга хэмжээ, төрөл бүрийн үзэсгэлэн зохион байгуулах аж. Ингэхдээ барилга, байгууламжийн түүхэн дүр төрх, дотоод болон гадаад заслыг хэвээр үлдээх гэнэ.
БНСУ-ын шинэ ерөнхийлөгч өөрийн өргөөгөө Үндэсний батлан хамгаалах яамны байр руу нүүлгэхээр болсон билээ.
Чосон угсааны хаадын /1392-1910/ "Гёнбокгун" ордонтой зэрэгцэн орших Хөх ордныг 1948 оноос хойш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчдийн өргөө болгон ашигласаар иржээ. Цогцолборын нийт талбай нь 250 мянган кв м. Энэ нь Вашингтон дахь Цагаан ордны нийт талбайгаас даруй 3.4 дахин их юм. БНСУ-ын Аялал жуулчлалын яамны тооцоолсноор, Хөх ордныг өргөн олон нийтэд нээснээр жилд 165 сая ам.долларын ашиг олох боломжтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.