Солонгосын цэргийн хоёр онгоц мөргөлджээ...
Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний хоёр онгоц өнөөдөр /2022.04.01/ сургуулилалтын үеэр мөргөлджээ. Ингэхдээ нутгийн зүүн өмнөд хэсэгт орших Сачон хотын уулыг мөргөж, гурван хүн амиа алдсан байна. Мөн нэг хүн шархадсан гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ. Энгийн иргэд амь үрэгдэж, хохирсон тухай мэдээлэл ирээгүй гэв. Ослын газар руу гурван нисдэг тэрэг, 20 машин болон онцгой байдлын албан хаагчдыг илгээсэн байна.
Агаарын цэргийн хүчнийхний мэдээлснээр, сургалтын зориулалттай КТ-1 онгоцнууд мөргөлджээ. Энэ нь хоёр хүний суудалтай онгоц юм байна. Мөргөлдсөн шалтгааныг хараахан тодруулаагүй байна гэлээ.
Дашрамд дурдахад энэ оны нэгдүгээр сард тус улсын нисэх хүчний “F-5E” сөнөөгч онгоц нийслэл Сөүлээс өмнө зүгт орших Хвасон хотод уул мөргөж осолдож байжээ.
Эх сурвалж: ABC NEWS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.