БНСУ-д Монгол иргэдийн наадам Чонжү хотод боллоо.
БНСУ дахь монгол иргэдийн наадам Умард Чүнчон мужийн Чонжү хотод 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн дэлгэр болов.
Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, дэд хурандаа Э.Түшиг, атташе Б.Амгалан, Чонжү хотын захиргааны ажилтнууд зэрэг хүндэт зочид оролцов.
Тус наадамд сум цэргийн цолтой хүчит 64 бөх барилдав. Мөн улсын мэргэн тэргүүтэй сурын харваачид, улс аймгийн мэргэн тэргүүтэй шагайн харваачид, шатар, хүчтэнгүүдийн гар барилдаан, олс таталтын тэмцээн, үндэсний хувцасны шоу, бяцхан наадамчдын гар зургийн уралдаан зэргийг VIP karaoke, Mongolian food зоогийн газар, Аривжих махны дэлгүүр, Чингис зоогийн газрууд хамтран Чонжү хотын захиргаанаас зөвлөсөн цар тахлын хорио цээрийн дэглэмийг даган мөрдөж, өргөн дэлгэр сайхан зохион байгуулж өндөрлөв.
Хүчит бөхийн барилдаанд :
цэргийн начин Н.Амарсайхан тэргүүн байр эзэлж сумын заан Н.Амартүвшин үзүүрлэв.
Шагайн харвааны багийн төрөлд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат гоц мэргэн Ж.Гантулга ахлагчтай баг тэргүүн байр, дэд байранд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Үйжинбү хотын М.Түвшинтөгс ахлагчтай баг, гуравдугаар байранд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Б.Доржпүрэв ахлагчтай баг тус тус эзэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.