БНСУ АНУ хамтарсан цэргийн сургуулилтаа сэргээнэ

БНСУ АНУ хамтарсан цэргийн сургуулилтаа сэргээнэ

АНУ болон БНСУ, жил бүрийн 8 дугаар сард эрх чөлөө хамгаалагч нэртэй хээрийн сургуулилтаа сэргээж, хийхээр болсон тухай, Сөүлийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байна.

Холбоотон 2 улсын зэвсэгт хүчин жил бүр байлдааны бэлтгэл сургуулилт хийдэг төдийгүй үүндээ стратегийн зэвсэг ашигладаг. Сөүл Вашингтон хоёр энэхүү цэргийн хамтарсан сургуулилтаа зөвхөн аюулгүй байдлын зорилготой гэж тайлбарладаг боловч Умард Солонгос уг сургуулилтыг өөрт нь халдан түрэмгийлэх зорилго агуулдаг гэж эсэргүүцэж, зогсоохыг шаардсаар ирсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн 5 дугаар сард, Америкийн ерөнхийлөгч Байден болон хөх ордны тэргүүн Юн Сок Ёл нар, Умардын цөмийн туршилтуудыг таслах зогсоохын тулд, хариу арга хэмжээ авч, хамтарсан цэргийн сургуулилтаа эргээд сэргээхээр тохиролцсон.

Ирэх 2023 оноос, хээрийн сургуулилтыг цар хүрээг илүү өргөжүүлж, зохион байгуулахаар төлөвлөжээ. Солонгосын дайны дараах нөхцөл байдалтай уялдуулан Өмнөд Солонгосын нутагт байрлуулсан АНУ-ын 28,500 цэрэг өнөөг хүртэл байрлаж байна. Америкийн цэргийн энэ бүрэлдэхүүн холбоотон Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг хамгаалахаас гадна Вашингтоны Ази номхон далай дахь ашиг сонирхлыг хамгаалж байдаг юм.

Үндсэндээ, 2019 онд Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон, Америк Умард Солонгосын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөж, 2 улсын хооронд хийж байгаа цөмийн хэлэлцээ зогссон. Энэ үеэс, Умард Солонгос, тактикийн шинэ зэвсгүүд туршиж, Америк Өмнөдийнхөн, бага бүрэлдэхүүнтэй цэргийн хамтарсан сургуулийг хийж эхэлсэн юм.

Умард Солонгосын тал, Пхеньяны эсрэг дайсагнасан үйлдэл, тэр дундаа хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоохгүй бол, урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын сорилттой тулгарах болно гэж, холбоотон орнуудад хатуу анхааруулга өгч байна. Умардын хувьд, энэ онд пуужингийн туршилтаа эрчимжүүлж, өнгөрсөн 4 дүгээр сард л гэхэд, "Хвансон-17" нэртэй тив алгасагч баллистик пуужин амжилттай туршсанаа зарласан.

Өмнөдийн хувьд, Пхеньян дахин цөмийн туршилт хийхэд бэлэн байна, Сөүл батлан хамгаалах, аюулгүй байдлын үүднээс энэ аюул заналхийллийг, даван туулах арга хэмжээ авч байна гэж хамтарсан цэргийн сургуулилтаа сэргээж байгаагаа тайлбарлажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.