БНСУ, АНУ-ын батлан хамгаалахын сайд нар уулзана
Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ли Жон Суп энэ долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй Вашингтонд уулзаж, Умард Солонгост үзүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Тодруулбал, тус яамнаас батлан хамгаалахын сайд Ли Жон Суп мягмар гарагт АНУ-д айлчлах бөгөөд сайд нарын уулзалт баасан гарагт болно гэж мэдэгджээ.
Тэд өмнө нь өнгөрсөн сард Сингапурт уулзсан юм. Хоёр тал Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцаж, улс орнуудын эвслийн асуудлаар ярилцах төлөвтэй байгаа юм.
Сайд Ли Жон Суп даваа гарагт болсон парламентын хуралдаан дээр хэлсэн үгэндээ, "Умард Солонгос долоо дахь удаагаа хийх гэж байгаа цөмийн туршилт хийх бэлтгэлийнхээ ихэнх хэсгийг дуусгасан. Туршилтын хугацаа нь удирдагч Ким Жон Уны шийдвэрээс хамаарна" гэж мэдэгдсэн байна.
Умардын туршилт нь жижиг, хөнгөн цөмийн зэвсэг бүтээх чадавхыг дээшлүүлэх зорилготой байж магадгүй гэж Ли мэдэгдэлдээ онцолжээ. Умард Солонгосын цөмийн туршилтаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан гэж Өмнөд Солонгосын албаныхан мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.