Солонгосын дайн дууссаны 69 жилийн ойг тэмдэглэж байна
Өмнөд ба Умард Солонгос өнөөдөр 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны 69 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр улсад дурсгалын арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар хоёр Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Аугаа эх орны чөлөөлөх дайны "Ялалтын өдөр"-ийг /Солонгосын дайныг тус улсад ингэж нэрлэдэг/ тохиолдуулан тус улсын удирдагч Ким Жөн Унд дотоод, гадаадаас цэцгийн баглаа, баярын мэндчилгээ илгээж байна. Мөн ойн баярыг тохиолдуулан Пёньянд тусгайлан ирдэг ахмад дайчдын жагсаал болж байна.
Баярын өдрийг тохиолдуулан Солонгосын ардын армийн цэргүүд, ажилчид, оюутнууд 1951 оны дөрөвдүгээр сард удирдагч Ким Ил Сен цэргүүдэд ялалтын урам зориг өгсөн үг хэлж байсан Өмнөд Хамгён мужийн Рёнпо дүүргийн түүхэн газар зочилж байна. Энд бас түүний шөнийг өнгөрөөсөн байшин бий.
Пёньян хотод мөн Залуучуудын урлагийн суртал ухуулгын төв бригадын тоглолт, Хөдөө аж ахуйн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны "Мөнхийн ялалтын цуурай" нэртэй шүлэг, дууны концерт зэрэг баярын янз бүрийн арга хэмжээ болж байна.
БНАСАУ-ын төрийн хэвлэлүүд хэд хэдэн нийтлэлийг Ялалтын баярт зориулж, АНУ-ын империалистуудыг буруушааж, Америкийн эсрэг тэмцлийн түүхэн дэх Ким Ил Сений байгуулсан "агуу гавьяаг" дурсжээ.
Харин БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, дайныг түр зогсоосны ойн өдрийн өмнөхөн Сөүл хотноо олон нийтийн илтгэл тавигджээ. Үүнээс гадна, долоодугаар сарын 26-30-ны хооронд АНУ-д айлчилж буй Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд өнөөдөр буюу долоодугаар сарын 27-нд Вашингтон дахь Солонгосын дайны ахмад дайчдын дурсгалын цогцолборын шинэ дурсгалын ханыг нээх ёслолд оролцох юм. Уг ханан дээр Солонгосын дайнд амь үрэгдсэн Америк, Өмнөд Солонгосын 43808 цэргийн нэрийг сийлжээ.
Солонгосын дайн буюу БНАСАУ /Умард Солонгос/, БНСУ-ын /Өмнөд Солонгос/ хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долоодугаар сарын 27-нд дууссан юм. Энэ дайнд Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Умард Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байсан бөгөөд талуудын хооронд түр эвлэрэх гэрээ байгуулсан учир одоог хүртэл албан ёсоор дуусаагүй байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.