БНСУ Сар руу сансрын төхөөрөмж хөөргөлөө
БНСУ Сар руу сансрын төхөөрөмж хөөргөх өрсөлдөөнт уралдаанд нэгдсэн дэлхийн долоо дахь улс болж, дэлхийн дагуул руу тойрог замын анхны төхөөрөмжөө илгээжээ.
KPLO (Korea Pathfinder Lunar Orbiter) төхөөрөмжийг өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуунаас “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар орон нутгийн цагаар 19:07 цагт хөөргөжээ. Хөөргөснөөс 45 орчим минутын дараа төхөөрөмж 549 тонн жинтэй зөөгч пуужингаас амжилттай салсан байна.
“Энэ бол Солонгосын сансар судлалын түүхэн дэх маш чухал үйл явдал юм. Хэрэв бид сансрын аяллын технологийг хөгжүүлэхээр илүү шийдэмгий байх аваас ойрын ирээдүйд Ангараг гараг, солируудад хүрч чадна” гэж Солонгосын сансар судлалын хүрээлэнгийн дарга Ли Санг-Рюл мэдэгджээ.
“Pathfinder” нь 4.5 сарын дараа Сарны тойрог замд орох бөгөөд Сар орчмын сансрын орон зайд гүйцэтгэх даалгавраа нэгдүгээр сард эхлүүлнэ. Судалгаа нэг жил орчим үргэлжлэх боловч хугацааг нь сунгаж магадгүй байна.
Төлөвлөгөө ёсоор уг төхөөрөмж Саран дээр буух боломжтой газруудыг хайж олохоос гадна, “BTS” хамтлагийн “Dynamite” дууны дүрс бичлэгийг цацах замаар сансарт утасгүй интернэтийг турших юм.
Тойрог замын уг төхөөрөмжид НАСА-гаас өгсөн маш мэдрэмтгий “ShadowCam” камерыг суурилуулжээ. Энэ камераар Сарны туйлууд дахь тогоонуудын зургийг авах бөгөөд эрдэмтэд тогоонууд доторх мөсний хэмжээг тооцоолно гэж найдаж байгаа ажээ.
БНСУ энэ оны зургаадугаар сард дотооддоо бүтээсэн "Нури" зөөгч пуужинг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Уг зөөгч пуужингаар туршилтын хиймэл дагуулыг тойрог замд оруулсан юм. Тэгвэл БНАСАУ хиймэл дагуулаа 2012 онд тойрог замд гаргажээ.
Өмнөд Солонгосын Засгийн газар 2031 он гэхэд Сарны гадаргуу руу аппарат илгээхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.