БНСУ-ын Сүвон хотноо “Сонгодог урлаг” арга хэмжээ болов.
УДБЭТ-ын БНСУ дахь төлөөлөгч, Монголын балетын урлагийн холбооны гишүүн, БНСУ-ын Сувон хотын “Жин Арт” төвийн ахлах багш Д.Одмаагийн санаачлан зохион байгуулсан “Сонгодог урлаг” арга хэмжээ 08 дугаар сарын 03-ны өдөр БНСУ-ын Сүвон хотноо болов.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, атташе П.Содгэрэл, УДБЭТ-ын балет ангийн дасгалжуулагч МУГЖ Х.Гэрэлчимэг, дуучин Б.Батжаргал болон уран бүтээлчид, БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Тус арга хэмжээний үеэр Монгол, Солонгосын соёл урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, БНСУ-д оршин сууж буй монгол иргэд, залуучуудад сонгодог урлагийг танилцуулах, суралцахад чиглэсэн арга хэмжээ, сургалтыг зохион байгуулах талаар санал солилцов.
Арга хэмжээний үеэр “Уран хас” бүжгийн жүжгийн адажио, “Парисын дөл” бүжгийн жүжгийн хослол бүжиг болон балетын ганцаарчилсан үзүүлбэрийг УДБЭТ-ын бүжигчид бүжиглэн, “Монголын тал нутаг”, “Травита” дуурийн хундаганы дууг дуучин Б.Батжаргал дуулж сонирхуулав.
2022 оны 07 дугаар сарын 27-ноос 30-ны хооронд Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын 15 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн гоцлооч бүжигчин Ө.Мөнхжин, мөнгөн медаль хүртсэн бүжигчин Б.Хулан, хүрэл медаль хүртсэн бүжигчин Г.Нямцэрэн, О.Даваадорж, сурагч Бөртэ-Үжин, Дөлгөөнням нар болон дасгалжуулагч багш Х.Гэрэлчимэг, н.Есөнзаяа нарт Монголын балетын хөгжлийн түвшин, балетчдын ур чадварыг дэлхийн тавцанд харуулсан явдалд Элчин сайд Э.Сарантогос халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.