Дэлхийн хүн ам өнөөдөр 8 тэрбумд хүрлээ
Дэлхийн хүн ам өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрлээ. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Хүн амын хэлтсээс дэлхийн хүн амын тоог 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрнэ гэсэн тооцооллыг гаргаж байсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тооцоолол ёсоор ийнхүү дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч байна. “Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022” тайланд Энэтхэг улс 2023 онд хүн амын тоогоороо БНХАУ-ыг ардаа орхиж, дэлхийд нэгдүгээрт бичигдэх төлөвтэй байгааг дурджээ.
НҮБ-аас хийсэн тооцоогоор манай дэлхийн хүн ам:
-1927 онд 2 тэрбум
-1960 онд 3 тэрбум
-1974 онд 4 тэрбум
-1987 онд 5 тэрбум
-1999 онд 6 тэрбум
- 2011 онд 7 тэрбумд хүрч байсан бол өнөөдөр 8 тэрбумд хүрлээ.
Манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор 1 тэрбумаар нэмэгджээ.
АНУ-ын Хүн амын тооллогын комиссын мэдээллээр өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн байдлаар дэлхийн хүн ам 7 тэрбум 922 сая 312 мянга гаруй байсан юм.
Дэлхийн хүн ам нэг минут тутамд 140-өөр нэмэгдэж, ихэнх улс оронд төрөлт нас баралтаас давсан үзүүлэлттэй байгаа аж. Тооцооллоос үзэхэд дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбум, 2050 онд 9.7 тэрбум, 2080 онд 10.4 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.