Володимир Зеленский: Томоохон сөрөг давшилтаа удахгүй эхлүүлэх болно
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Оросоос газар нутгуудаа эргүүлэн авах томоохон сөрөг давшилтаа удахгүй эхлүүлэх болно гэж мэдэгджээ. Тэрээр ням гарагт тохиосон Украины хилийн цэргийн өдрөөр хэлсэн үгэндээ, “Орост эзлэгдсэн нутгуудаа, тэндэх хүн ардаа бид чөлөөлөх ёстой. Гол тулаанууд тун удахгүй болно” гэжээ.
Зеленский бас, “Улсынхаа усан болон хуурай газраарх хилийн шугамыг бүхэлд нь сэргээх ёстой” гэж мэдэгджээ. Зүүн талын Бахмут хот болон бусад газрыг хамгаалан дайтаж байгаа цэргүүддээ талархал илэрхийлжээ. Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников мөн сөрөг давшилтын бэлтгэл хангаж байгаа талаараа баасан гарагт мэдэгдэж байсан байна. Зеленский скандинавын хойгийн орнуудын олон нийтийн телевизд өгсөн ярилцлагадаа, эзлэгдсэн газар нутгуудаа эргүүлж авах үйл явц амаргүй, урт удаан үргэлжлэх магадлалтайг мөн тэмдэглэжээ. Сөрөг давшилтыг нь амжилтад хүргэхэд өрнөдийн цэргийн дэмжлэг мөн цаашид ихээхэн шаардлагатай гэдгийг тэр цохон хэлсэн байна. Украины удирдагч мөн оросын пуужингийн дайралтын улмаас төвийн бүсийн Умань хотод 23 хүний амь эрсэдсэнд Москваг эрс хатуугаар зэмлэн буруутгаж, амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ. Оросын хүчнийхний агаарын цохилтод өртөн нурж сүйдсэн орон сууцны барилгын нурангиас хохирогчдыг эрэн хайх, аврах ажиллагаа бямба гарагт явагдаж дууссан юм байна. Амь эрсэдсэн хүмүүсийн дунд 1-ээс 17 насны зургаан хүүхэд байжээ. Умань хотод амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болсон бол, энэ хотыг харьяалдаг Черкасск мужид 3 хоног гашуудал зарласан байна. Энэ зуур Оросын “Центр” нэртэй цэргийн бүлэглэлийн их бууны анги нэгтгэлүүд Украины зэвсэгт хүчний 140 шахам цэгт цохилт өгсөн талаар Тасс мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.