Нисгэгчгүй онгоц ашиглан Кремль рүү халджээ.
Нисгэгчгүй онгоц ашиглан Кремль рүү шөнийн цагаар дайрч, Ерөнхийлөгч Владимир Путиний амь насанд халдахыг завдсан гэж ОХУ лхагва гарагт Украиныг буруутгажээ. Энэ нь дайн эхэлснээс хойших 14 сар гаруйн хугацаанд Киевийг хамгийн ноцтойгоор буруутгасан тохиолдол болж байна.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Финландын нийслэл Хельсинки хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “Бид Путин, Москва руу дайрдаггүй, бид өөрсдийнхөө нутаг дэвсгэрт тулалддаг” хэмээн дээрх мэдээллийг няцаажээ.
Мөн В.Зеленскийн туслах хэлэхдээ, энэ хэрэг Москва томоохон “террорист өдөөн хатгалгад” бэлтгэж байгааг илэрхийлж байна гэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хувьд, Вашингтон уг халдлагыг баталгаажуулаагүй байгааг мэдэгдээд, Оросын мэдэгдлийг “шүүлтүүртэй” хүлээж авах ёстой гэж хэлжээ.
В.Путиний ажлын албанаас Орос хариу арга хэмжээ авах эрхтэй гэдгийг мэдэгдсэн бөгөөд Оросын хатуу чиг шугам баримтлагчид В.Зеленскийн эсрэг үтэр түргэн хариу арга хэмжээ авахыг шаардсан байна.
“Нисгэгчгүй хоёр онгоц Кремль рүү чиглэж байсан. Цэргийнхэн болон тусгай албад радарын системийг ашиглан цаг тухайд нь авсан арга хэмжээний дүнд төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгосон" гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.