БНСУ-ын дотооддоо бүтээсэн сансарын пуужин “Нүриху” үүргээ амжилттай биелүүллээ.
“Нүриху”... БНСУ-ын дотоодын технологид суурилж бүтээсэн анхны сансарын пуужин өнгөрсөн оны 2дахь туршилтаас хойш 11 сарын дараа буюу өнгөрөгч 25-ний өдөр 3 дахь хөөрөлт амжилттай болсон тухай мэдээллээ.
Тус улсын “Шинжлэх ухаан, технологи, харилцаа холбооны яам” өчигдөр буюу 26-ний өдөр "Сэжун" хотын “Төр захиргааны төв ордон”-д хэвлэлийн бага хурал зарлаж энэхүү 3 дахь хөөрөлтийн амжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ удаад “Нүриху” сансарын пуужинд нийт 8 ширхэг сансарын хиймэл дагуул ачиж хөөргөсөн бөгөөд үүнээс урьдчилсан байдлаар 6 хиймэл дагуул дэлхийн тойрог замд ажилттай орж төв станцтай амжилттай холбогдсан байна. Үлдсэн 2 хиймэл дагуулын нэг нь “Нүриху”-гаас амжилттай салсан болох нь хөлгийн камерын видео бичлэгт бичигдсэн бол үлдсэн 1 нь хөлгөөс амжилттай салсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж мэдээллээ.
Өнгөрсөн оны 6-р сард туршсан 2 дахь туршилт бол энэхүү сансарын пуужинд хүн болон эд материал ачиж хөөргөх боломжтой эсэхийг туршсан туршилт байсан бөгөөд энэхүү туршилтын үр дүнд “Нүриху” сансарын хөлөг нь 1,5тн жинтэй хиймэл дагуулыг 700км өндөрт дэлхийн тойрог замд хүргэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан юм. Ийнхүү энэ удаад “Нүриху”-гийн зорчигчид дунд хамгийн чухал нь БНСУ-ын “KAIST” судалгааны хүрээлэнгийн бүтээсэн “Орчин үеийн жижиг хиймэл дагуул - II” байсан бол “Toyosat Cube” төрлийн хиймэл дагуул 4, тус улсын хувийн хэвшлийн “Lumir”, “Justech”, “Cairospace” зэрэг компаниудын бүтээсэн “Cube” төрлийн 3 хиймэл дагуул буюу нийт 8 хиймэл дагуулыг ачиж хөөргөсөн байна.
Энэ нь тус улс хувьд өөрийн дотоодын технологид суурилан бүтээсэн пуужинг ашиглан өөрсдийн дотоодын технологиор бүтээсэн хиймэл дагуулаа ачин хөөргөж дэлхийн тойрог замд амжилттай оруулсан гэдгээрээ асар их ач холбогдолтой зүйл юм.
БНСУ нь 1992онд анх өөрийн технологиор бүтээсэн “Үрибёль-1” буюу “Бидний од-1” нэртэй жижиг хиймэл дагуулыг Франц улсын сансарын пуужинд ачиж задгай сансарт амжилттай гаргаж байсан бол ийнхүү 31 жилийн дараа өөрсдийн бүтээсэн сансарын пуужинд өөрсдийн бүтээсэн “Орчин үеийн” дэвшилтэт хиймэл дагуулыг ачин хөөргөж дэлхийн тойрог замд орууллаа.
“Нүриху” сансарын пуужин нь 2027он хүртэл дахин 3 удаа хөөрөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид тус улсын сансарын энэхүү технологийн үр ашгийг нэмэгдүүлж зардалыг бууруулах үүднээс хувийн хэвшлийн “Hanwha Aerospace” компанийг сонгон шалгаруулж “Сансарын пуужин хөгжүүлэлтийн хурдасгуур” хөтөлбөрийн төв компани болгон ажиллах болсон талаар мөн мэдээллээ.
Энэ нь АНУ-ын сансар судлалын салбарыг манлайлагч хувийн хэвшлийн “SpaceX” компанитай адил цаашид БНСУ-ын хувь ч мөн технологи хөгжүүлэлт, удирдлага, маркетинги зэргийг хувийн хэвшилд хариуцуулах болж буй хэрэг юм.
Эх сурвалж : Дуна Илбу (동아일보), Хангёрэ сонин (한겨레)
Орчуулж эмхэтгэсэн : Д.Тодням
Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.