Хятад дэлхийд хамгийн хурдан интернэтийг нэвтрүүлжээ
Дэлхийн хамгийн хурдан буюу секундэд 1.2 терабит (1200 гигабит) өгөгдөл дамжуулах хурдтай интернэтийг Хятадад нэвтрүүлжээ. Уг төслийг Цинхуа их сургууль, харилцаа холбооны China Mobile компани, мөн Huawei Technologies болон Cernet корпорациуд хамтран хэрэгжүүлсэн байна.
Асар хурдтай өгөгдөл дамжуулах шилэн кабелийг Бээжин, Ухань, Гуанжоу хотуудад татсан байна. Түүний урт нь гурван мянга гаруй километр аж. Уг интернэт сүлжээг 10 жилийн турш хөгжүүлж байгаа Хятадын Ирээдүйн интернэт технологийн дэд бүтэц (FITI) төслийн хүрээнд ашиглалтад оруулжээ.
Ийм хэмжээний өгөгдөл дамжуулах хурдтай сүлжээг 2025 онд ашиглалтад оруулах боломжтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байв. 1.2 терабит хурдтайгаар нэг секундэд 150 киног HD форматаар татаж авах боломжтой гэж Huawei Technologies компанийн дэд ерөнхийлөгч Ван Лэй мэдэгджээ. Энэ нь АНУ-ын ижил төстэй төслүүдийнхээс гурав дахин хурдан юм.
Ташрамд сонирхуулахад, 2021 оны долоодугаар сард Японд утастай интернэтийн хурдны дээд амжилтыг эвджээ. Тус улсын инженерүүд өгөгдөл дамжуулах хурдыг секундэд 319 гигабит хүргэж хурдасгажээ. Өмнөх дээд амжилтыг 2020 онд тогтоож байсан бөгөөд тухайн үед секундэд 178 гигабитийн хурдаар өгөгдөл дамжуулж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.