Япон улсаас Умард Солонгос руу хулгайгаар Lexus автомашин гаргах гэж байгаад баригджээ

Япон улсаас Умард Солонгос руу хулгайгаар Lexus автомашин гаргах гэж байгаад баригджээ

Өнгөрсөн долоо хоногт Японы цагдаа нар Чиба мужид үйл ажиллагаа явуулдаг хуучин автомашины борлуулагч компанийн байранд тусгай ажиллагаа явуулжээ.

Тус компанийг Умард Солонгос руу хулгайгаар Lexus үйлдвэрийн шинэ автомашин гаргах гэж байсан гэж сэжиглэж байгаа юм байна.

Мөрдөгчид гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн баримтыг олж авах зорилгоор дээрх ажиллагааг явуулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх компани Lexus үйлдвэрийн шинэ седаныг Бангладешаар дамжуулан Сингапурт хүргэх нэрээр бичиг баримт бүрдүүлсэн ч үнэндээ Бангладешаас Умард Солонгос руу тээвэрлэх гэж байсан гэнэ.

Энэхүү автомашиныг хүлээж авах хүн нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун байх магадлал маш өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Ким бол тансаг ангиллын автомашины хорхойтон гэдгээрээ танигдсан хүн. Түүнд Mercedes, Rolls-Royce болон бусад үйлдвэрийн олон автомашин бий” гэж Токио хотын Васеда их сургуулийн профессор Тошимицү Шигэмүра ярьжээ.

Өнгөрсөн сард Ким Жон Ун улсынхаа зүүн эргийн бүс нутагт зочлохдоо Maybach болон хэд хэдэн Lexus SUV ангиллын автомашин хөлөглөж байв.

Умард Солонгосын сэдвээр нийтэлдэг NK News сайт тус улсын төрийн төв хэвлэлийн тараасан мэдээний зургийг шинжлээд ийм дүгнэлт гаргасан юм.

зураг

 

Цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай нь холбоотойгоор 2006 онд НҮБ тус улсад тансаг ангиллын эд бараа нийлүүлэхийг хориглосон тогтоол гаргаж байв. Үүнд тансаг ангиллын автомашинууд багтдаг юм.

Гэхдээ ийм хориг үр дүн муутайг зарим судлаачид баталж байна.

“Дэлхийн томоохон тагнуулын байгууллагууд тансаг ангиллын автомашины мөрөөр ажиллахаас илүүтэй зэр зэвсгийн технологи олж авах замыг хаах тал дээр илүү анхаарал тавих хэрэгтэй гэж би боддог. Автомашин худалдаж авах энгийн зүйл. Европ, Азийн нэг орноос хууль хяналт сул аль нэг гуравдагч орон руу тээвэрлээд тэндээсээ Умард Солонгос руу ачуулахад амархан шүү дээ” гэж Темпл Их сургуулийн Орчин Үеийн Ази Судлалын Хүрээлэнгийн захирал Роберт Дужарик ярьжээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/311a

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.