Унц алтны үнэ түүхэндээ анх удаа 2100 ам.доллар давлаа

Унц алтны үнэ түүхэндээ анх удаа 2100 ам.доллар давлаа

Чикагогийн CME биржийн арилжааны явцад нэгдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 2.89 хувиар өсөж, нэг унц нь 2140.7 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. 

Унц алтны үнэ түүхэндээ анх удаа 2100 ам.доллар давлаа. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллийн хийсэн мэдэгдэл үнэ ийнхүү өсөхөд нөлөөлсөн байна. Түүний мэдэгдэл ирэх оны эхээр Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн итгэлийг худалдаачдад төрүүлжээ.

FedWatch цахим хуудсанд мэдээлснээр, худалдаачдын дийлэнх нь ирэх оны гуравдугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулна гэж таамаглаж байна. Одоо бодлогын хүү 5.25-5.5 хувийн түвшинд байгаа юм.

Алтны үнэ хамгийн сүүлд 2020 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байв. Тухайн үед Bloomberg-ийн мэдээлснээр нэг унц нь 2075.47 ам.доллар болсон байна. 

Шинжээчид ирэх онд алтны үнэ нэг унц нь 2000 ам.доллароос давсан хэвээр байх бөгөөд түүхэн дээд үзүүлэлтээ эвдэж магадгүй гэж таамаглаж байна. Геополитикийн тодорхойгүй байдал, ам.долларын ханш сулрах төлөвтэй байгаа болон бодлогын хүү буурах магадлалтай байгаа нь үнэ өсөхөд нөлөөлөх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.