БНАСАУ-ын орон нутгийн сонгууль олон улсын анхаарлыг татав
Умард Солонгос улсад өнгөрөгч Ням гарагт дөрвөн жилд нэг удаа болдог орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Сонгуулийн ирц 99,6 хувьтай гарсан байна. Умард Солонгост сонгууль ерөнхийдөө бэлгэдлийн шинж чанартай болдог. Нэр дэвшигчдийг эрх баригч намаас нэр цохож өрсөлдүүлдэг тул хэн ч нэр дэвшсэн бай шууд албанд томилогддог. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн онцлог нь энэ оны эхээр Умардын парламент сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар зарим тойрогт нэгээс олон нэр дэвшигч өрсөлдөх боломжтой болсон нь олон улсын анхаарлыг татаж байна.
Умард Солонгост 1999 оноос хойш дөрвөн жил тутамд нэг удаа орон нутгийн сонгууль болж, тойрог бүрд оноогдсон нэг хүн 100 хувийн саналаар гарч ирэх нь нийтлэг дүр зураг юм. Энэ удаагийн сонгуулийн ирц бараг 100 хувьд хүрэх шахсан ч хилийн чанадад ажиллаж байгаа болон тэнгисийн цэрэгт ажиллаж байгаа иргэд санал өгөөгүй байна. Улсын сонины төв агентлагийн сонгуулийн ухуулга хуудсанд БНАСАУ-ын иргэн бүр иргэний үүргээ биелүүлж, улс төрийн идэвх санаачилгаа харуулж, Ардын хурлын гишүүдийг сонгоход нэг бүрчлэн оролцох нь манай ард түмний бүрэн эрхт байдлын илрэл юм гэж бичсэн байна. Мөн эрх баригч Ажилчны намаас хүртдэг хайр хишгийн хариуд сонгууль өгч улсдаа хувь нэмрээ оруулах ёстой гэж бичсэн нь сонгуулийн ирц өндөр байхаас өөр аргагүйг харуулж байгаа юм. Шинэ цагийн хөгжил цэцэглэлт, хувьсгалын үнэ цэнийг бүрдүүлэхийн тулд ардын засгийн газрын хүч нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун айлдсан гэж уг сонинд бичжээ. Сонгуульд ялсан ардын хурлын төлөөлөгчид эрх баригч нам, хувьсгалт ард түмэнд илүү сайн үйлчилж, орон нутгаа төлөөлж буйн хувьд ард иргэдийн хүлээлтэд хүрэх ёстой гэж мөн дурдсан байна.
Өмнөд Солонгосын Ёнхаб агентлагийн бичсэнээр Өмнөд Солонгосын нэгдлийн яам Умардыг сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, зарим тойрогт нэр дэвшигчийн тоог нэмэгдүүлсэн нь шууд утгаараа чөлөөт сонгууль явагдана гэсэн үг биш, Умард Солонгос одоогийн эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд ард иргэдийнхээ итгэлийг барьж байх нэгэн төрлийн оролдлого гэж харж байгаа юм байна. Умардын удирдагч Ким Жон Ун мөн Ням гарагт ерөнхий сайд Ким Тог Хүн, дүү Ким Ё Жон, олон нийттэй харилцах албаны дэд дарга Хён Сон Вол болон бусад намын чухал албан тушаалтнуудын хамтаар Солонгосын хойгийн зүүн эрэгт байршилтай Өмнөд Хам Гён аймгийн санал хураалтын байранд хүрэлцэн ирж, санал өгсөн байна. Умардад сонгуулийн санал хураалт баяр ёслолын шинжтэй болж өнгөрдөг. Ким Жон Уны очсон санал хураалтын байрны гадна бүжгэн үзүүлбэр зэрэг болж байсан талаар Умардын төв телевиз мэдээлсэн байна. Сонгуульд санал өгч байгаа үйл явц харин ил тод байдаггүй онцлогтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.