БНСУ тагнуулын зориулалттай хоёр дахь хиймэл дагуулыг “Falcon 9” пуужингаар хөөргөжээ
Өмнөд Солонгосын тагнуулын зориулалттай хоёр дахь хиймэл дагуулыг Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн тухай тус улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдээлэв.
Мэдээлэлд дурдсанаар “Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний цэргийн тагнуулын хоёр дахь хиймэл дагуул ням гаргийн өглөө 09:02 цагийн орчимд пуужингаас амжилттай салж, тойрог замд оржээ”.
Уг хиймэл дагуулыг тээсэн "Falcon 9" пуужинг АНУ-ын Флорида муж улс дахь Жон Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 7-нд, Сөүлийн цагаар дөрөвдүгээр сарын 8-ны 08:17 цагт хөөргөсөн байна.
Өмнөд Солонгосын хиймэл дагуул нь цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран мэдээлэл цуглуулдаг гэдгийг онцолжээ. Тус улс 2025 он гэхэд нийтдээ таван ийм хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр БНАСАУ-ыг хоёр цагийн зайтайгаар тандан ажиглах боломжтой болно.
Тагнуулын эхний хиймэл дагуулыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд Калифорни муж улс дахь АНУ-ын Сансрын хүчний баазаас “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.