БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль эмч нартай яриа хэлэлцээ хийхэд засгийн газар бэлэн гэв.
Анагаах ухааны сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж буй эмч нартай яриа хэлэлцээ хийхэд засгийн газар бэлэн байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэдэгдээд, өөрийг нь шүүмжилж буй хүмүүсийг "эмч нар дутагдалтай байгааг бууруулах үндэслэл сайтай хувилбарыг санал болгохгүй байна" хэмээн буруутгажээ.
Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээ хийхийг ажил хаясан эмч нарт уриалсны дараа Юн Сог Ёль ард иргэдэд хандан 50 минутын турш үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж байгаагаа анх удаагаа илэрхийлсэн байна.
Дадлагажигч эмч нар ажил хаяж байгаагийн улмаас хүндрэл учирч байгаад Ерөнхийлөгч хүлцэл өчсөний сацуу өөрсдийн ашиг сонирхлыг нийгмийн эрүүл мэндээс дээгүүрт тавьж байна гэж эрүүл мэндийн салбарынхныг шүүмжилжээ.
“Хэрэв та бүхэн илүү оновчтой, үндэслэлтэй шийдлүүд гаргавал бид тэдгээрийг хэлэлцэхэд бэлэн байна. Та бүхэн илүү оновчтой санал, үндэслэлийг гаргаж ирвэл төрийн бодлого илүү сайн тал руугаа өөрчлөгдөх боломжтой” гэж тэрбээр хэллээ.
Одоогоор 3000 байгаа анагаахын сургуульд элсэгчдийн тоог 2025 оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлэх гэсэн Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн тус улсын 13 мянган дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь хоёрдугаар сарын 20-ноос хойш ажил хаясаар байгаа юм.
52 сая хүн амтай Өмнөд Солонгост 2022 оны байдлаар 1000 хүнд 2.6 их эмч ногдож байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн орнуудын дундаж үзүүлэлтээс /3.7/ хавьгүй доогуур байна.
Хүүхдийн болон яаралтай тусламжийн тасаг, түүнчлэн Сөүл хотын захын дүүргүүдийн эмнэлгүүдэд эмч нар дутагдалтай байгааг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг өмнөх засгийн газрууд санаачилж байсан боловч эрүүл мэндийн салбарынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран мухардалд орж байв.
Эрүүл мэндийн байгууллагын зарим мэргэжилтнүүд хэлэхдээ, Юн Сог Ёлийн засаг захиргаа тэдэнтэй урьдчилан зөвлөлдөөгүйг дурдаад, түүний засгийн газар дадлагажигч эмч нарын цалин бага байгаа зэргийг засаж залруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжилсэн байна.
Харин Юн Сог Ёль эмч нарын хийсэн хэд хэдэн мэдэгдлийг няцааж, яагаад эмнэлгийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай вэ гэдгийг онцолжээ. “Эрүүл мэндийн салбарынхан анагаахын сургуулиудын квотын талаар тодорхой тоо гаргаж өгөх засгийн газрын хүсэлтэд хариу өгөхгүй байсан атлаа одоо 350, 500, 1000 гэх мэт тоонуудыг үндэслэлгүйгээр гаргаж байна. Хэрэв тэд квотыг цөөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол ажил хаялт зохион байгуулахаас илүүтэй шинжлэх ухааны баттай үндэслэл бүхий нэгдсэн саналыг дэвшүүлэх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.