БНСУ-д "COVID-19" халдвар авсан 93 настай эмэгтэй эдгэрчээ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д
шинэ коронавирусээр халдварласан 93 настай иргэн бүрэн эдгэрч,
эмнэлгээс гарсан гэж тус улсын Гёнсан хотын эрх баригчид даваа гарагт
мэдээллээ. Тус хот нь халдварын голомт болох Дэгү хоттой зэргэлдээ
оршдог юм.
"COVID-19" халдвар авсан хамгийн өндөр настай хүн эдгэрсэн тохиолдол энэ боллоо. Түүнд өмнө нь сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд илэрч байсан боловч ямар нэгэн суурь өвчингүй байсан гэж Гёнсан хотын төлөөлөгч мэдээлсэн байна. Уг өвчтөнд 13 хоногийн эрчимт эмчилгээ хийсэн бөгөөд түүнээс авсан хоёр шинжилгээний хариу сөрөг гарчээ.
БНСУ-ын
Өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, өнгөрсөн ням
гаргийн байдлаар нийт 2909 хүн эдгэрчээ. Бүрэн эдгэрэлтийн түвшин
сүүлийн 10 хоногийн хугацаанд аажмаар өссөөр байгаа бөгөөд ням гарагт
хамгийн өндөр буюу 32.7 хувь хүрсэн байна.
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 64 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 8961 болжээ. Тус улсад шинээр бүртгэгдсэн халдварын тоо сүүлийн хоёр өдөр дараалан хоёр оронтой тоонд хүрч буурчээ.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хамгийн олон буюу 909 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм. Өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нийт 111 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.