Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

БНАСАУ дахин нэг пуужин харвасан талаар хэдхэн минутын өмнө “RT” агентлаг мэдээлжээ. Тус улсын удирагч Ким Жон Ун шинэ тактикийн удирдлагатай пуужин турших үеэр өөрийн биеэр ирсэн гэнэ. Тус улсын пуужингууд нь улс орны батлан хамгаалах стратегид “шинэ эрин үе” болох аж.

Түүнчлэн Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлснээр Хойд Солонгос шинэ системийн хүчээ дахин баталжээ. Мөн эдгээр зэвсэглэл нь тус улсын зэвсгийн хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

БНАСАУ өчигдөр /2020.03.21/ богино зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан билээ. Энэ үйлдлийг Өмнөд Солонгос дэлхий дахин цар тахалтай тэмцэж байгаа энэ үед пуужин харвасан нь дэндүү зохисгүй юм гэж буруутгаж, пуужин туршихаа нэн даруй зогсоохыг шаардсан юм.

Хойд Солонгост одоогоор коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа ч эрүүл мэндийн тогтолцоо сул, хүнс тэжээлийн хомсдолд орсон энэ улсад халдвар тархвал сүйрэх болно гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Түүнчлэн БНАСАУ-ын Ардын дээд хурал ирэх дөрөвдүгээр сарын 10-нд чуулах аж. Уг арга хэмжээнд 700 орчим төлөөлөгч оролцох юм. Тус улс ийм том арга хэмжээг зохион байгуулах нь коронавирус илрээгүйг харуулж байна гэж шинжээчид үзэж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.