БНСУ-ын эрх баригчид шатахууны үнийг хязгаарлах түр журмыг гаргажээ.
Ойрх Дорнодод үүссэн хямралын улмаас нийлүүлэлт тасалдаж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд буй энэ үед Өмнөд Солонгосын эрх баригчид баасан гаргаас эхлэн шатахууны үнийг хязгаарлах түр журмыг гаргажээ.
Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамнаас мэдээлснээр, нефть боловсруулах үйлдвэрүүдээс шатахуун түгээх станцуудад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнүүдэд үнийн дээд хязгаарыг тогтооно. Харин ШТС-уудын борлуулалтын үнэ нь бүс нутгуудад өөр өөр байдаг тул “үнийн тааз” тогтоохгүй ажээ.
“Засгийн газар үнийг тогтворжуулах, үнийн хэт өсөлтөөс сэргийлэхийн тулд нефтийн бүтээгдэхүүнүүдийн үнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ. Ингэснээр шатахууны үнийн өсөлтийн ачааллыг засгийн газар, компаниуд, иргэдэд жигд үүрүүлэх боломжтой болно” гэж Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ким Чон Кван хэллээ.
Ингээд ердийн 1 л бензиний үнийн дээд хязгаарыг 1724 вон /1,17 ам.доллар/, 1 л дизель түлшний үнийг 1713 вон, 1 л керосиний үнийг 1320 вон гэж тогтоосон байна. Гэхдээ дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалан хоёр долоо хоног тутамд шатахууны үнийн дээд хязгаарыг авч хэлэлцэх ажээ.
Өмнөд Солонгост 1997 оноос хойш анх удаагаа үнийн дээд хязгаарыг тогтоосон нь энэ бөгөөд Нефтийн бизнесийн тухай хуулийн дагуу эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах хэмжээнд үнэ хэлбэлзсэн тохиолдолд үнийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Аж үйлдвэрийн сайдад олгосон байна.
Ойрх Дорнодод хоёрдугаар сарын 28-нд дайн дэгдсэнээс хойш бензиний үнэ литр тутамд 200 воноор, дизелийн түлшний үнэ 300 воноор тус тус өсжээ.
Ташрамд дурдахад, Япон улс даваа гаргаас эхлэн стратегийн нөөцөд байгаа нефтиэ зах зээлд гаргахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.