БНСУ-д гэрлэлтийн тоо гурван жил дараалан нэмэгджээ

БНСУ-д гэрлэлтийн тоо гурван жил дараалан нэмэгджээ

БНСУ-д бүртгэгдсэн гэрлэлтийн тоо 2025 онд өмнөх оныхоос 8.1 хувиар өсөж, сүүлийн долоон жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын засгийн газар мэдээлжээ.

Статистикийн яамны мэдээлснээр, өнгөрсөн онд нийт 240 300 гэрлэлт бүртгэгдсэн нь 2024 оныхоос (222 400) өссөн үзүүлэлт бөгөөд гэрлэлтийн тоо гурван жил дараалан нэмэгдлээ. 

Өнгөрсөн оны гэрлэлтийн тоон үзүүлэлт нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхтой (239 200) ойролцоо гарчээ. 2020-2023 оны хооронд цар тахлын улмаас олон хос хуримаа хойшлуулсан тул гэрлэлтийн тоо 200 000 орчимд хэлбэлзэж байсан бол 2024 оноос дахин нэмэгдэж эхэлжээ.

Гэрлэлтийн тоо нэмэгдсэн нь 30-аас дээш насны хүн амын тоо өссөн болон цар тахлын үеэр хуримаа хойшлуулсан хосууд гэрлэлтээ нэг дор олноор бүртгүүлсэнтэй холбоотой ажээ. Мөн ганц бие залуусийн дунд гэрлэлтийн талаарх эерэг ойлголт бий болж байгааг онцолсон байна.

Статистик мэдээллээс үзвэл, анх удаа гэрлэж байгаа эрэгтэйчүүдийн дундаж нас 33.9, эмэгтэйчүүдийнх 31.6 байна. Арван жилийн өмнө эрэгтэйчүүдийнх 32.6, эмэгтэйчүүдийнх 30 байжээ.

Өнгөрсөн онд гэр бүл цуцлалтын тоо өмнөх оныхоос 3.3 хувиар буурч, 88 000 болсон байна.Харин гадаадын иргэдтэй гэрлэсэн тохиолдол өмнөх оныхоос 0.3 хувиар буурч, 21 000 болсон нь сүүлийн гурван жил өссөн үзүүлэлтийг зогсоожээ. Өнгөрсөн онд нийт гэрлэлтийн 8.6 хувийг соёлын хувьд ялгаатай гэр бүл эзэлсэн нь 2024 оныхоос 0.7 нэгжээр буурчээ. Гадаад эхнэрүүдийн дотор хамгийн их буюу 30.5 хувийг Вьетнамын эмэгтэйчүүд эзэлж байгаа бол дараа нь БНХАУ (16.1 хувь), Тайландын (12.5 хувь) эмэгтэйчүүд оржээ. Харин гадаад нөхрүүдийн хувьд АНУ-ын эрэгтэйчүүд 28.2 хувийг эзэлж байгаа бол хятад (16.6 хувь), вьетнам (14.8 хувь) эрчүүд удаалсан байна.

Түүнчлэн соёлын ялгаатай гэр бүл цуцлалт өмнөх оноос 4.2 хувиар өсөж, 6 000-д хүрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.