Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах санал хүргүүлэхээр болжээ

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах санал хүргүүлэхээр болжээ

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаас санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан сонгуулийн төв байгууллагад ирүүлээгүй зургаан улс төрийн намыг идэвхгүйд тооцуулахаар Улсын дээд шүүхэд мэдээллийг хүргүүлэхээр болжээ.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам санхүүгийн хагас жилийн тайлангаа жил бүрийн долоодугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлдэг.

Тухайн нам хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Монгол Улсын дээд шүүх тухайн намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргахаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан аж.

2025, 2026 онд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас Монголын Либерал нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монгол Шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал Шинэчлэлийн нам санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газраас улс төрийн намуудад санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэх талаар 2025 онд 15 албан бичиг, 2026 онд нэг албан бичиг хүргүүлж, мэдээлэл зөвлөмж өгч ажилласан гэж тус хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.