Коронавирусний халдвартай хүүхдүүдэд шинэ шинж тэмдэг илэрчээ

АНУ-ын Коннектикут муж улсад коронавирустэй холбоотой байж болзошгүй хурц үрэвслийн шинж тэмдэгтэй гурван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.
“Ийм гурван тохиолдол Нью-Хейвен хотын эмнэлэгт бүртгэгдсэн. Бид хүүхдүүдийн биеийн байдлыг анхааралтай ажиглаж байна. Гурван сараас 14 хүртэлх насны өвчтөнүүдэд булчирхайн цочмог үрэвсэл болон бусад шинж тэмдгүүд илэрсэн. Энэ нь биднийг санааг маш их зовоож байна” гэж Коннектикут муж улсын захирагч Нед Ламонт даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Тус муж улстай хөрш зэргэлдээ оршдог Нью-Йорк муж улсад коронавирусний халдвар авсан гурван хүүхэд уг вирусээр үүсгэгддэг өвчний бус хүндрэлээс болж нас барсан тухай тус муж улсын захирагч Эндрю Куомо өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдээлжээ. Нью-Йорк муж улсын эмнэлгүүдийн дарга нар коронавирусний халдвартай холбоотой байж болзошгүй шинж тэмдэг 73 хүүхдэд илэрсэн талаар эрх баригчдадаа мэдээлжээ. Гэхдээ энэ шинж тэмдэг нь халдвар авсан ахмад настнуудад илэрч буй шинж тэмдэгтэй адилгүй байгаа аж.
Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 1 сая 34 мянга давж, 80239 хүн нас баржээ. Коннектикут муж улсад 33700 хүн халдвар авч, нас барсан тохиолдлын тоо 3008 болсон байна. Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 4 сая гаруй хүн халдвар авч, 280 мянга орчим хүн нас баржээ.
zindaa.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.